Шашин, соёл, спортын уламжлалыг хослуулсан “Нийслэлийн иргэдийн баяр–Хүрээ цам Даншиг наадам” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд "Хүй долоон худаг"-т зохион байгуулагдана.
Ес дэх жилдээ болж буй тус наадамд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглох бөгөөд түрүүлсэн бөхийг 30 сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр шагнах юм. Мөн их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 14 сая, шөвгийн наймд үлдсэн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал хүртэнэ.
Даншигийн дэвжээнд хэн хэн түрүүлж байв
“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг 2015 оноос сэргээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оноос “Нийслэлийн иргэдийн баяр” гэсэн агуулгаар өргөжүүлэн зохион байгуулж байгаа юм.
Өмнөх жилүүдийн түрүү бөхчүүдээс дурдвал:
2015-2018 онуудад улсын арслан Р.Пүрэвдагва
2019 онд өсөх идэр начин Ч.Батчулуун
2022 онд харцага Б.Лха-Очир
2023 онд үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар
2024 онд заан С.Сүхбат
2025 онд начин Д.Амарсайхан нар түрүүлжээ.
Шашин, соёлын өргөн хөтөлбөртэй
Наадмын хүрээнд Монголын буддын шашны зан үйл, өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болно. Үүнд:
-Цам харайх ёслол
-Очирваанийн тахилга
-Чингис хааны сангийн тахилга
-Сор залах ёслол
-Шашны сүлд дуулал эгшиглүүлэх үйл ажиллагаа
-Лам нарын ном хаялцах тэмцээн
-Балин урлалын уралдаан
-Унзад, голч нарын тэмцээн зэрэг багтаж байна.
-Иргэдэд зориулсан үзвэр, үйлчилгээ
Мөн наадмын өдрүүдэд:
-Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн
-Жороо морины уралдаан
-Сээр цохих тэмцээн
-Монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэр
-Есөн дүүргийн ардын авьяастнуудын тоглолт
-Улаанбаатар театр-ын “Монгол туургатан” тоглолт
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.
Ү-нэгүй автобус үйлчилнэ.
Наадмыг зорих иргэдийн ая тухыг хангах зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн газраас 16 автобусаар үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөжээ. Даншиг наадам үндэсний бөх, шашин соёлын өв, ардын урлаг, уламжлалт зан заншлыг нэг дор цогцлоосон нийслэлийн томоохон баяр болон өргөжин хөгжсөөр байна.