Казахстан Улсын шуудан, хүргэлтийн үйлчилгээний "Jana Post" компанийн Монгол дахь салбарыг хариуцан ажиллаж буй, Гүйцэтгэх захирал Б.Тамиртай ярилцлаа.

-"Jana Post" компани иргэдэд ямар ямар үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгээс ярилцаж эхэлье?

-Манай компани бүс нутагтаа технологид суурилсан логистикийн үйлчилгээ үзүүлдэг. Одоогийн байдлаар Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргизстан зэрэг улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жилээс Азербайжан болон Монгол Улсад салбараа нээгээд байна.

Бидний гол үйлчилгээ Хятадын томоохон цахим худалдааны платформууд болох Pinduoduo, Temu, Taobao, 1688, JD.com-оос Монголын хэрэглэгчдийн хийсэн захиалгыг найдвартай, шуурхай хүргэхэд чиглэдэг.

“Карго биш, албан ёсны түншлэлд суурилсан үйлчилгээ”

-Монголчууд ковидын үеэс эхлэн гадаадын платформуудаас шууд худалдан авалт хийх нь эрс нэмэгдсэн. Энэ дундаас хэрэглэгчид яагаад танай үйлчилгээг сонгох ёстой вэ?

-Бид эдгээр платформуудтай албан ёсны хамтын ажиллагаатай ажилладаг. Тиймээс энгийн карго үйлчилгээтэй харьцуулахад хэрэглэгчид илүү найдвартай, ил тод үйлчилгээ авах боломжтой.

Манайх өөрийн гэсэн аппликэйшнтэй. Хэрэглэгчид захиалгынхаа явцыг Монгол хэл дээр бодит цаг хугацаанд хянах боломжтой. Мөн хүргэлтийн төлбөр болон бусад шаардлагатай төлбөрөө аппликэйшнээрээ шууд төлөх боломж бүрдсэн.

“Баркод дээр суурилсан аюулгүй хүргэлт”

-Хэрэглэгчдийн хувьд хүргэлтийн нууцлал, аюулгүй байдал чухал байдаг. Танай системийн хувьд энэ тал дээр ямар онцлогтой гэж хэлэх вэ?

-Манай аппликэйшн дээр ирсэн захиалга бүрт дахин давтагдашгүй тусгай баркод үүсдэг. Хэрэглэгч хүргэлтээ авахдаа тухайн баркодоо хүргэлтийн ажилтанд уншуулснаар бараагаа хүлээн авна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн захиалгыг нь авах боломжгүй.

Зарим тохиолдолд хүмүүс гэр бүлийнхэн, найз нөхдөдөө бэлэг захиалдаг. Манай системийн давуу тал нь хүргэлтийн мэдээлэл зөвхөн захиалагчид хадгалагддаг тул ийм төрлийн гэнэтийн бэлгийг ч нууцлах боломжтой.

“Хуваан төлөх үйлчилгээ удахгүй нэвтэрнэ”

-Монголчууд зээлийн болон хуваан төлөх аппликэйшнүүдийг өргөн ашигладаг болсон. Танай үйлчилгээ дээр ийм боломж бий юу?

-Бид энэ чиглэлээр ажиллаж байна. Монголын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэглэгчдэдээ хуваан төлөх шийдэл санал болгохоор бэлтгэж байна.

Хятадын цахим худалдааны платформоос бараа худалдан авахдаа төлбөрөө хэсэгчлэн төлөх боломж олгох нь хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Энэ талаар бид тун удахгүй албан ёсны мэдээлэл өгөх болно.

“Аппликэйшн бэлэн болсон”

-Хэрэглэгчид танай аппликэйшнийг хэзээнээс ашиглаж эхлэх боломжтой вэ?

-Jana Post аппликэйшн Монгол хэл дээр бүрэн бэлэн болсон. Төлбөрийн системүүд ч үе шаттайгаар нээгдэж байна. Өнөөдрөөс эхлэн хэрэглэгчид гар утсандаа аппликэйшнийг татаж суулган бүртгүүлээд, Pinduoduo, Temu, Taobao, 1688 болон JD.com платформуудаас захиалгаа хийх боломжтой болсон.

“618 хямдрал ба iPhone-ийн сугалаа”

-Танай компани хэрэглэгчдэд зориулсан урамшуулал зарласан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Одоогийн байдлаар Хятадын цахим худалдааны салбарын хамгийн том хямдралуудын нэг болох “618” худалдааны өдөрлөг үргэлжилж байна. Энэхүү хямдрал энэ сарыг дуустал үргэлжлэх тул хэрэглэгчид маш олон төрлийн барааг хямд үнээр худалдан авах боломжтой.

Мөн бид Монголын зах зээлд шинээр нэвтэрч байгаатай холбоотойгоор хэрэглэгчдэдээ зориулан тусгай урамшуулалт аян зарласан. Наймдугаар сарын эцэс хүртэл манай аппликэйшнд бүртгүүлж, захиалга хийсэн хэрэглэгчдийн дунд iPhone гар утасны сугалаа явуулах юм.

“Монголын хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ хүргэнэ”

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Бид Монголын хэрэглэгчдэд дэлхийн цахим худалдааны платформуудаас бараа бүтээгдэхүүнээ хамгийн хялбар, найдвартай, ил тод байдлаар худалдан авах боломж бүрдүүлэхийг зорьж байна.

Технологид суурилсан логистикийн шийдлүүдээр дамжуулан хүргэлтийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэж, хэрэглэгчдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэхэд анхаарч ажиллах болно.

-Баярлалаа. Танд амжилт хүсье. 

-Баярлалаа.