Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн XIX Их хурал өнөөдөр (2026.06.21) болж, холбооны шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.
Тус Их хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хурлын үеэр сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татсан юм.
Л.Нинжжамц болон З.Боргилмаа нарын дунд өрсөлдөөн өрнөж, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн саналаар Л.Нинжжамц олонхийн дэмжлэг авч, МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр нийт 179 хүний саналаар ялалт байгуулсан байна.
Л.Нинжжамц сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн юм. Тэрбээр сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, олон нийтийн мэдээллийн салбарт ажиллаж ирсэн.
Ажлын туршлага:
1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор;
2006-2007 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн (МҮОНРТ) Тамгын газрын дарга;
2011-2016 онд “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч;
2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, улмаар Ерөнхий захирлаар ажиллаж байсан.
Л.Нинжжамц хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагын удирдлагад очсоноор сэтгүүлчдийн эрх ашиг, мэргэжлийн ёс зүй, хэвлэлийн эрх чөлөө, салбарын хөгжлийн асуудалд анхаарч ажиллах зорилт дэвшүүлэх төлөвтэй байна.
МСНЭ Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн нэгдсэн байгууллага бөгөөд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.