Монголын мэргэжлийн төгөлдөр хуурчдын холбоо болон Монгол Улсын консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн санаачилгаар зохион байгуулагдах “Улаанбаатар Олон Улсын Төгөлдөр Хуурчдын Анхдугаар Фестиваль, Уралдаан” 2026 оны зургадугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын арга хэмжээнд Монгол Улсын бүх аймаг, нийслэл болон гадаад улс орнуудаас нийт 307 өсвөрийн болон залуу төгөлдөр хуурч бүртгүүлэн оролцож байна.

Тус фестиваль, уралдаан нь төгөлдөр хуурын урлагийг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын авьяас чадварыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сонгодог хөгжмийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд Монголын сонгодог хөгжмийн салбарын түүхэнд шинэ хуудсыг нээж буй онцгой үйл явдал болж байна.

Фестивалийн хүрээнд оролцогчид насны болон ур чадварын ангиллаар өрсөлдөж, мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай багш нарын бүрэлдэхүүнээс үнэлгээ авч, мастер класс, туршлага солилцох уулзалт, фестивалийн тоглолт зэрэг олон талт арга хэмжээнд оролцох юм.

Уралдаан нь мэргэжлийн болон сонирхогчийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд оролцогчид өндөр ур чадвар бүхий мэргэжлийн шүүгчдээс үнэлгээ авч, ур чадвараа сорих боломжтой.

Энэхүү фестиваль нь зөвхөн уралдаан төдийгүй сонгодог хөгжмийн боловсрол, соёлын солилцоо, урлагийн хамтын ажиллагааг дэмжих олон улсын тавцан болох зорилготой бөгөөд Монгол Улсын сонгодог урлагийн хөгжилд шинэ хуудсыг нээх түүхэн үйл явдал болж байна.

Фестивалийн зорилго

• Сонгодог хөгжмийн боловсролыг олон нийтэд сурталчлах
• Хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх
• Монголын төгөлдөр хуурын сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх
• Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
• Соёлын солилцоо, харилцан ойлголцлыг дэмжих

Зохион байгуулагчид

Монголын Мэргэжлийн Төгөлдөр Хуурчдын Холбоо
Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн Төгөлдөр Хуурын Тэнхим

Байршил

Монгол Улсын Консерватор, Улаанбаатар хот

Холбоо барих
Утас: 8003 0131

Мэйл хаяг: Ubpianofestival@gmail.com

Сонгодог хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн шилдэг төгөлдөр хуурчдыг дэмжих энэхүү түүхэн үйл явдлыг сурвалжлан олон нийтэд түгээн хүргэхийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, урлагийн байгууллагууд болон олон нийтийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан пэйж хуудаснаас авах боломжтой.
https://www.facebook.com/monpropiano