ВВС-ийн сэтгүүлч Софиа Куалья "Гялалзсан, эрүүл үстэй байх нууц нь зөвхөн үсний төрлөөс бус, самны хийц, арчилгааны дадал зуршил зэрэг олон зүйлээс шалтгаалдаг.
Би багаасаа нуруу давсан урт үстэй явсан. Хүүхэд байхдаа бараг боломж гармагц үсээ самнадаг байлаа. Өглөө сэрэнгүүтээ, ариун цэврийн өрөө орох бүрдээ, бүр хичээлээсээ түр завсарлахдаа ч самнадаг байсан.
Тэр үед Австрийн хатан хаан Элизабет буюу Сисигийн тухай домгийг үнэн гэж итгэдэг байв. Түүнийг шагай хүрсэн урт үстэй байсан. Үсээ эрүүл байлгахын тулд орой бүр 100 удаа самнадаг байсан гэдэг. Гэвч хожим судалж үзэхэд, энэ нь олон орны эмээ нарын дамжуулсан түгээмэл домог болох нь илэрсэн юм.
Өдгөө насанд хүрсний дараа би шүршүүрт орохдоо л үсээ сайтар самнадаг болсон. Гэсэн ч миний үс урьдын адил харагдаж, мэдрэгдсээр байна.
Учир нь, үсээ хэр олон удаа самнах ёстой вэ гэсэн асуултын хариулт домог ярианаас хавьгүй нарийн бөгөөд физикчид, үсчин стилистүүд хүртэл энэ асуудлыг судалсаар буй. Үсний төрөл, хэрэглэж буй сам, өдөр тутмын арчилгаа зэрэг олон хүчин зүйлээс хариулт нь шалтгаалдаг" гэж бичжээ.
Самны түүхэн замнал
Сам болон үсний сойз нь хүн төрөлхтний хамгийн эртний хэрэглээний нэг юм. Археологийн олдворуудаас харахад, хүмүүс эрт дээр үеэс үсээ арчилж, гоёж чимэглэхийн тулд төрөл бүрийн хэрэгсэл ашиглаж иржээ.
Үсний түүх судлаач Рэйчел Гибсон “Хүн төрөлхтөн гар дор байсан материалаар цэвэрлэгээ, гоёл чимэглэлийн хэрэгсэл хийдэг байсан тул үс самнах нь дэлхийн олон соёлд чухал байр суурь эзэлсээр ирсэн” гэж хэлсэн байна.
100 удаа самнах тухай ойлголт Викторийн үеэс гаралтай гэж үздэг. Тухайн үед эмэгтэй хүний урт үсийг гоо үзэсгэлэн, нэр төрийн бэлгэдэл гэж үздэг байсан тул үс арчилгаа өдөр тутмын чухал зан үйл байжээ.
Тэд эхлээд сам ашиглан үсээ ширэлдээнээс нь салгаж, тоос шороо, бөөс зэрэг зүйлсийг цэвэрлээд, дараа нь ихэвчлэн зэрлэг гахайн үстэй сойзоор самнан, тослогийг нь үсний уртаар жигд тараадаг байсан аж.
Үсний физик ба “хэт самнах” асуудал

Өнөөдөр ч олон хүн “үсээ ойр ойрхон самнах тусам хурдан ургадаг” гэж үздэг. Гэвч энэ бол ташаа ойлголт аж. АНУ-ын Калифорни мужийн үс арчилгааны мэргэжилтэн Никки Корзин “Үсээ илүү олон удаа самнаснаар хурдан ургуулна гэдэг ташаа ойлголт” гэж хэлжээ.
Судлаачид үсний гэмтлийг хэмжих тусгай туршилтууд хийсэн байна. Хоёр ширхэг үс зангирч орооцолдоод, дараа нь хүчээр салгах үед юу болдгийг дуурайлган судлахад хэт их самнах нь үсний дотоод бүтцэд ан цав үүсгэж болохыг тогтоожээ. Ялангуяа салаалах хандлагатай үсэнд энэ нөлөө илүү хүчтэй ажиглагдсан байна.
Ирландын Дублин хотын Тринити коллежийн инженерийн профессор Дэвид Тейлор “Үсээ самнах тусам гэмтэх магадлал нэмэгддэг. Гэхдээ асуудал нь самналтын тоо биш, харин хэр хүчтэй самнаж байгаад оршдог” гэжээ. Өөрөөр хэлбэл, үсээ зөөлөн самнах нь аюулгүй боловч ширүүн татаж самнах нь хугарал, салаалалт үүсгэж болзошгүй аж.
Самнахын далд ашиг тус
Үсээ олонтаа самнах муу зүйл биш. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, тогтмол самнах нь:
-Том зангилаа үүсэхээс сэргийлнэ
-Үс орооцолдохыг багасгана
-Унасан үсийг цэвэрлэнэ
-Хуйханд хуримтлагдсан үхэжсэн арьс, бохирдлыг зайлуулна
-Үс хугарах эрсдэлийг бууруулдаг байна.
Биохимич Жаред Рейнольдс “Өдөрт нэг, эсвэл хоёр удаа зөөлөн самнах нь долоо хоногийн турш самнахгүй байж байгаад, дараа нь хүчээр ширүүн самнаснаас хавьгүй бага гэмтэл учруулдаг” гэж хэлжээ.

Үсээ хэрхэн зөв самнах вэ?
Шулуун болон долгионтой үстэй хүмүүс. Мэргэжилтнүүд долоо хоногт дор хаяж гурван удаа, боломжтой бол өдөрт нэгээс хоёр удаа самнахыг зөвлөж байна. Мөн нойтон үед нь самнахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Нойтон үс зузаан, бат бөх мэт санагддаг ч үнэндээ хамгийн эмзэг байдаг аж.
Өөрөөр хэлбэл, үсний гаднах хамгаалалтын давхарга усанд норох үед суларч, үс амархан сунаж, хугарах эрсдэл нэмэгддэг байна.
Буржгар болон ширхэглэг үстэй хүмүүс. Энэ төрлийн үстэй хүмүүст өөр зөвлөгөө хэрэгтэй аж. Тэд үсээ хуурай үед самнахгүй байх, харин угаах үедээ ангижруулах бүтээгдэхүүн хэрэглэн, зөөлөн тайлах хэрэгтэй юм байна.
Судлаачдын үзэж буйгаар, буржгар үсний бүтэц нь шулуун үстэй харьцуулахад өөр физик шинж чанартай бөгөөд чийгээ хурдан алддаг тул гэмтэх, орооцолдох эрсдэл өндөр байдаг ажээ.

Зөв сам сонгох нь чухал
-Нойтон үсэнд зориулсан зөөлөн, уян хатан “wet brush” төрлийн сам хэрэглэх
-Хуурай үсэнд байгалийн үстэй зөөлөн сойз ашиглах
-Хуйхыг цочроохгүй, үсний тослогийг уртын дагуу жигд тараадаг сам сонгох хэрэгтэй.
Зарим үйлдвэрлэгчид урт хуванцар шүд болон байгалийн үстэй сойзыг хослуулсан шинэ төрлийн сам бүтээж буй бөгөөд үүнийг мэргэжилтнүүд хамгийн оновчтой хувилбар гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC