Дуучин И.Мишээл Монголын уламжлалт урлагийн үнэт өв болох уртын дууны чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшиж, Соёл урлагийн их сургуулийг бакалаврын зэрэгтэйгээр амжилттай төгсжээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт уртын дуучин С.Цогтсайханы шавь болж суралцан, төгсөлтийн баярт мөчөө олон нийттэй хуваалцав.

И.Мишээл цахим хуудастаа Монголын өв соёлын салшгүй хэсэг болсон уртын дуугаар мэргэжлийн түвшинд суралцаж, өвлөн тээж явах боломж олдсон нь амьдралын минт хамгийн үнэ цэнтэй сонголтуудын нэг байсныг онцолжээ.

Тэрбээр “МУГЖ С.Цогтсайхан багшийнхаа шавь болж, Соёл урлагийн их сургуулийг уртын дууны мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгслөө. Монгол өв соёлоо судалж, түүнээс суралцана гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж байдаг юм байна.

Энэ хугацаанд би зөвхөн дуу сураад зогсохгүй өв уламжлал, урлагийн үнэ цэнийг илүү гүн ойлгож мэдэрсэн. Цаашид ч тасралтгүй суралцах итгэл, хүсэл тэмүүллийг багш маань надад өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн бичжээ.

Тэрбээр их сургуулиа төгссөн ч суралцах замнал нь үүгээр дуусахгүйг онцолсон байна. Ирэх есдүгээр сараас эхлэн багш дээрээ дахин очиж, уртын дууны урын сангаа улам баяжуулан, олон шинэ дуу сурч, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

Монголын уртын дуу нь ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн үндэсний бахархалт өв бөгөөд залуу уран бүтээлчид энэ өвийг өвлөн суралцаж, түгээн дэлгэрүүлж буй нь соёлын залгамж чанарыг хадгалахад чухал хувь нэмэр оруулдаг билээ.