Хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний аюулгүй, аз жаргалтай орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элчээр ажиллахаар болжээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэрбээр хүүхдийн эрх, хамгааллын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдал, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх нөлөөллийн аян, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцон ажиллах юм байна.
Б.Амархүүгийн нэр хүнд, олон нийтэд үзүүлэх эерэг нөлөөлөл хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд иргэдийн анхаарлыг хандуулах, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ.
Тэрбээр хүүхэд бүр хайр халамж, хамгаалал дунд өсөж торних эрхтэй. Энэ эрхийг хангах нь зөвхөн төр, байгууллагын бус нийт нийгмийн хамтын хариуцлага гэдгийг олон нийтэд уриалан таниулахад өөрийн дуу хоолойгоо хүргэх аж.

“Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сан хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
Энэ удаа урлаг, соёлын салбарын төлөөлөлтэй хамтран ажилласнаар хүүхэд хамгааллын асуудлыг илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Дуучин Б.Амархүү ийн нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгдэж, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх олон талт санаачилга, нөлөөллийн ажлуудад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллахаар болж байгаа нь хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих үйлсэд чухал алхам болж байна.