22 настай хөгжмийн зохиолчийн хичээл заахдаа ашиглаж байсан хэд хэдэн сургалтын бүтээл энэ дэвтэрт тэмдэглэгдэн үлджээ.
Мэргэжилтнүүд уг нотын дэвтрийг сүүлийн хэдэн арван жилийн хамгийн чухал хөгжмийн олдворуудын нэг гэж үзэж байна. Шинээр илэрсэн бүтээлүүдийг зургадугаар сарын 21-нд олон нийтэд анх удаа толилуулах аж.
Францад хөгжмийн суут зохиолч Вольфганг Амадей Моцартын өмнө нь огт мэдэгдээгүй байсан гар бичмэл олджээ. Энэ тухай 2026 оны дөрөвдүгээр сарын 19-нд Францын Үндэсний номын сангийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
1778 онд Моцарт Парист ажиллаж байх үедээ хөтөлсөн 44 хуудас бүхий нотын дэвтрийг мэргэжилтнүүд сүүлийн хэдэн арван жилийн хамгийн чухал нээлтүүдийн нэг хэмээн үнэлж байна.
Гар бичмэлийг нь таньжээ
Энэхүү гар бичмэл олон жилийн турш тус номын сангийн хөгжмийн хэлтэст XVIII зууны төгсгөлийн нэргүй баримт бичиг хэмээн хадгалагдаж байжээ.
2026 оны хоёрдугаар сард хөгжмийн цуглуулгын сан хөмрөг хариуцсан Франсуа-Пьер Гуа уг дэвтрийг судалж байхдаа зарим тэмдэглэл нь Моцартын гар бичмэлтэй тун төстэй болохыг анзаарсан байна.
Түүний дүгнэлтийг Моцартын гар бичмэлийн олон эхтэй сайн танил хөгжим судлаач Лоранс Декобер баталжээ. Дараа нь 2026 оны дөрөвдүгээр сард уг дэвтрийг Моцартеум сангийн харьяа Моцартын номын сангийн захирал Армин Бринцингт шинжилгээнд илгээсэн бөгөөд тэрбээр баримт бичгийн жинхэнэ эсэхийг албан ёсоор баталгаажуулсан байна.
Францын Үндэсний номын сангийн ерөнхийлөгч Жиль Пеку энэ олдворыг сүүлийн хэдэн арван жилийн хамгийн чухал нээлтүүдийн нэг гэж тодорхойлжээ. Түүний хэлснээр, уг баримт бичиг нь “залуу багш Моцарт шавьтайгаа хэрхэн ажиллаж байсныг өдөр тутмын түвшинд бидэнд харуулж байна” гэжээ.
Залуу язгууртан бүсгүйд өгсөн хичээлүүд
Дэвтэрт хөгжмийн зохиомжийн дасгалууд болон флейт, ятганд зориулсан долоон жижиг бүтээл багтжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр нь Моцарт 1778 оны тавдугаар сараас долоодугаар сар хүртэл өдөр бүр зааж байсан шавь болох Мари-Луиз-Филиппин де Гиньд зориулсан хичээлийн материал ажээ.
Тэрээр герцог де Гинийн охин байсан бөгөөд түүний эцэг нэртэй флейт хөгжимчин байснаас гадна Моцартын алдарт До мажорын флейт ба ятганы концерт (K.299) бүтээлийг захиалан бүтээлгэсэн хүн юм. Герцог охиноо эдгээр хоёр хөгжимд зориулан өөрөө хөгжим зохиож сургахаар хүсэж байжээ.
Гар бичмэлд багтсан зарим бүтээлд ашиглагдсан хөгжмийн зэмсэг онцгой анхаарал татаж байна. Герцог Лондоноос тухайн үед тун ховор тооцогдож байсан, Францын энгийн флейтүүдээс илүү нам өнгө гаргах чадвартай флейт авчирсан тухай номын сангийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
Моцарт хэрхэн хичээл зааж байсныг харуулах хамгийн эртний баримт
Мэргэжилтнүүдийн үнэлснээр, энэхүү дэвтэр нь Моцарт хөгжмийн зохиомжийг хэрхэн заадаг байсан талаар өнөөдөр мэдэгдэж буй хамгийн эртний баримт юм.
1778 оны тавдугаар сарын 14-нд эцэгтээ бичсэн захидалдаа Моцарт өөрийн сургалтын аргын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг аж. Тэр захидалдаа мөн шавийнхаа хөгжмийн санаа дутмаг байгааг хошигнон гомдоллож байжээ.
Хичээлийн явцад бүтээсэн флейт ба ятганд зориулсан зургаан бүтээл бүрэн эхээрээ хадгалагдан үлдсэн бөгөөд орчин үеийн концертын репертуарт шинээр багтах боломжтой гэж судлаачид үзэж буй юм байна.
Гэхдээ дэвтэр дэх олон хэсгийн зохиогчийг яг таг тогтооход бэрх юм. Учир нь тэмдэглэлүүдэд Моцарт болон түүний шавийн аль алиных нь бичсэн хэсгүүд холилдон оржээ.
Сүүлчийн дасгал дуусаагүй үлдсэн бөгөөд дэвтрийн сүүлийн зургаан хуудас хоосон байна. Судлаачдын таамаглаж байгаагаар, Мари-Луиз де Гинь 1778 оны долоодугаар сарын 26-нд гэрлэсний дараа хичээлүүд зогссон бололтой.
Олон нийтийн өмнөх анхны тоглолт
Шинээр олдсон эдгээр бүтээл 2026 оны зургадугаар сарын 21-нд Францын Үндэсний номын сангийн Зууван танхимд анх удаа олон нийтэд тоглогдох аж.
Тоглолтод Францын Радиогийн Филармони найрал хөгжмийн гоцлол хөгжимчид болох флейтч Матильд Кальдерини болон ятгач Николя Тюлье нар оролцох юм байна.
Үүний маргааш буюу зургадугаар сарын 22-нд эдгээр бүтээлийн дэлхийн анхны радиогийн нээлт Францын радиогоор цацагдах ажээ.

Моцартын гар бичмэлийн томоохон сан хөмрөг
Францын Үндэсний номын сангийн хөгжмийн хэлтэс нь дэлхийн хамгийн том Моцартын гар бичмэлийн цуглуулгуудын нэгийг хадгалдаг. Цуглуулгын хэмжээгээрээ зөвхөн Зальцбург болон Берлин хотуудын сан хөмрөгөөс л бага юм.
Одоогийн байдлаар тус номын санд Моцартын 45 эх гар бичмэл хадгалагдаж буйн дунд Дон Жуандуурь болон Төгөлдөр хуурын концерт №23-ын эх гар бичмэлүүд багтдаг ажээ.
Шинээр илэрсэн энэхүү нотын дэвтэр нь тус цуглуулгын 45 дахь Моцартын эх гар бичмэл болж бүртгэгджээ.
Энэ олдворын хамгийн үнэ цэнтэй тал нь зөвхөн шинэ хөгжмийн бүтээлүүд олдсонд бус, харин Моцарт хэрхэн багшилж, шавьтайгаа хамтран ажиллаж байсан тухай бодит баримтыг бидэнд үлдээсэнд оршиж буй юм.
Эх сурвалж: DW