“The Voice of Mongolia” шоуны ялагч, дуучин Г.Даваадалай бие даасан уран бүтээлийн замналаа албан ёсоор эхлүүлж, анхны цомгоо гаргахаар болжээ. Тэрбээр цомгийнхоо нээлтийн өмнө “Cosmic Ocean” нэртэй бие даасан тоглолтоо зургадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон байна.
Анхны цомгийн продюсероор гитарчин Б.Үйтүмэн ажиллажээ. Түүний цомог энэ онд багтан сонсогчдын хүртээл болох аж.
Ирэх цомгийнхоо талаар Г.Даваадалай “Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой ч бид бүгд нэг л ертөнцөд зэрэгцэн оршдог. Миний дуунууд ч мөн адил өнгө аяс, хэв маягийн хувьд ялгаатай мэт боловч тэдгээрийн цаана миний гэсэн нэгэн мөн чанар бий. Магадгүй сонсогчид тэрхүү мөн чанараас өөрсдийн сэтгэл, дурсамж, мэдрэмжийн нэг хэсгийг олж сонсох байх.
Тиймээс би ертөнцийн олон өнгө төрхийг, мөн өөрийн нэрэнд буй ‘Далай’ хэмээх утга бэлгэдлийг энэ цомогтоо шингээхийг зорьсон. Энэ бүтээл бол миний сонсож өссөн хөгжим, түүнээс авсан мэдрэмж, нөлөөлөл бүхнээрээ өөрийгөө хөгжүүлж ирсэн урт замналын үр дүн. Нэг ёсондоо энэ цомог уран бүтээлч төдийгүй хувь хүний хувьд жинхэнэ ‘би’-гээ хамгийн тод илэрхийлсэн бүтээл байх болно” хэмээн онцолжээ.
Түүний анхны цомог нь төрөл бүрийн хөгжмийн урсгал, өнгө аясыг нэгтгэсэн атлаа уран бүтээлчийн дотоод ертөнц, үзэл мэдрэмжийг цогцоор нь илэрхийлсэн бүтээл болохоороо онцлог юм. Харин “Cosmic Ocean” тоглолт нь энэхүү шинэ уран бүтээлийн аяллын эхлэл болж, сонсогчдод түүний хөгжмийн ертөнцтэй илүү ойроос танилцах боломж олгох ажээ.