Монгол Улсад суугаа Европын Холбооны Төлөөлөгчийн газар болон “Урлагийн давлагаа” НҮТББ хамтран “Европын кино наадам 2026”-ыг энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.

Таван өдрийн турш үргэлжлэх энэхүү наадмын хүрээнд Европын 13 улсын 13 шилдэг киног үзэгчдэд том дэлгэцээр, үнэ төлбөргүй хүргэх юм. Наадам нь Европын кино урлагийн өвөрмөц өнгө төрх, уран сайхны илэрхийллийг таниулахаас гадна дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн чанартай бүтээлүүдийг олон нийтэд толилуулах онцлогтой.

Кино бүтээлүүдэд гэр бүлийн харилцаа, өсвөр насны сэтгэл зүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, байгаль орчны хамгаалал, цахим орчны хэрэглээ, хувь хүний өөрийгөө эрэн хайхуй зэрэг өнөөгийн нийгмийн чухал асуудлуудыг гүн гүнзгий тусгасан байна.

Наадмын нээлтийн үзвэрээр Германы найруулагч Миа Маариэль Майер-ийн найруулсан, 2025 оны Хессений кино урлагийн наадмын “Шилдэг дэлгэцийн бүтээл” шагнал хүртсэн “Сэлэлтийн урт” кино үзэгчдийн хүртээл болно.

Энэ удаагийн наадамд Австри, Болгар, Герман, Грек, Дани, Итали, Словени, Нидерланд, Польш, Финланд, Швейцар, Швед зэрэг орны олон улсын наадамд үнэлэгдсэн, төрөл жанрын өргөн сонголт бүхий кинонуудыг албан ёсны эрхтэйгээр толилуулах юм.

Мөн наадмын хүрээнд оролцогч орнуудын соёл, уламжлалыг сурталчлах “Cinema Night” тусгай хөтөлбөр зохион байгуулагдана. Үүнээс гадна олон улсын кино урлагийн мэргэжилтнүүд Монголын уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой сургалт, мэргэжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Наадмын онцлох үйл ажиллагааны нэг нь жүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн 40 цагийн эрчимжүүлсэн сургалт юм. Уг сургалтыг Америк-Бельгийн нэрт кино найруулагч, зохиолч, продюсер Жессика Вүүдворт удирдан явуулах бөгөөд дэлгэцийн дүр бүтээх арга барил, жүжигчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд төвлөрөх аж.

Жессика Вүүдворт нь Монгол Улсад зураг авалтаа хийсэн Khadag киногоороо 2006 онд Венецийн кино наадам-аас “Golden Lion of the Future” шагнал хүртэж байсан бөгөөд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн кино уран бүтээлч, ментор юм.

Түүнчлэн анхны болон хоёр дахь бүрэн хэмжээний бүтээлээ хийхээр зорьж буй залуу кино уран бүтээлчдэд зориулсан “EURO CINELAB 2026” богино хэмжээний кино бүтээх лаборатори сургалт өнгөрсөн тавдугаар сард амжилттай зохион байгуулагдсан байна.

Уг хөтөлбөрт шалгарсан 12 оролцогч “Өөрийн хөрөг” сэдвийн хүрээнд 3–10 минутын богино хэмжээний кино бүтээж байгаа бөгөөд бүтээлүүдээ энэ сарын 27-нд буюу наадмын сүүлийн өдөр олон нийтэд танилцуулах юм. Үүний дараа зохион байгуулагчид шилдэг гурван бүтээлийг шалгаруулан шагнах ажээ.

“Европын кино наадам 2026” нь Монголын үзэгчдэд Европын орнуудын шилдэг кино бүтээлүүдийг хүргэхийн зэрэгцээ дотоодын кино уран бүтээлчдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болохыг зохион байгуулагчид онцолж байна.