УИХ-ын гишүүн О.Номинчимэг өнөөдөр (2026.06.18) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр энэ танхимд өрнөж буй үйл явдал нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын эрүүл мэнд, амьдралын асуудал хэрхэн мөнгө, ашиг сонирхлын золиос болж байгааг тод харуулж байна.
Сүүлийн өдрүүдэд Байнгын хороодын хуралдаанууд дээр болж буй үйл явцыг иргэд та бүхэн анхааралтай ажиглаж байгаа байх. Нийгмийн өмнө тулгамдсан, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал болсон тамхины хэрэглээтэй тууштай тэмцэхийн оронд тодорхой бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө нам, улс төрийн хүрээ давсан нөлөөллийн сүлжээ бий болгож буй шинж ажиглагдаж байна.
Ялангуяа янжуур тамхи болон электрон тамхины импорт, худалдаа эрхэлдэг зарим компаниуд бизнесийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд төрийн байгууллагууд болон шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх оролдлого хийж, нийтийн эрх ашиг, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хуулийн төслийг удаашруулах, гацаах үйл ажиллагаа явуулж байна гэсэн хардлага төрүүллээ.
Өнөөдөр Төрийн ордны коридороор тамхины бизнесийн төлөөлөл болсон хүмүүс гишүүдийн өрөө өрөөгөөр орж, уулзалт хийж байгааг бид харж байна. Миний хувьд үүнийг тэдний эцсийн оролдлого, сүүлчийн тэмцэл гэж харж байна. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй албан бичиг миний гарт байна.
Тамхины зохицуулалтын асуудал яригдаж эхэлснээс хойш тэрээр уг асуудалд идэвхтэй оролцож, Тамхины тухай хуульд өөрчлөлт оруулах чиглэл бүхий үүрэг даалгаврыг Сангийн сайдад өгсөн байна. Хамгийн ноцтой нь энэхүү чиглэл нь цаашлаад төрийн бодлого болон төлөвших эрсдэлтэй байгаа юм.
Ж.Энхбаяр сайд өмнө нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийн хүрээнд тамхин бүтээгдэхүүнийг хамруулах зөвшөөрөл өгч, улмаар тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг дэмжиж байсан. Тухайн үед үүсэх орлогын алдагдлыг онцгой албан татвараар нөхнө гэсэн тайлбар өгч байсан ч өнөөдөр нөхцөл байдал огт өөрөөр өрнөж байна.
Бид яагаад цөөн хэдэн бизнес эрхлэгчийн ашиг сонирхлын өмнө буулт хийх ёстой гэж? Яагаад Монголын хүүхэд, залуусын эрүүл мэндээс илүүтэйгээр электрон тамхины бизнесийг хамгаалах асуудал төрийн бодлогын төвд байх ёстой гэж? Электрон тамхи бол гадаадын цөөн үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг бүтээгдэхүүн. Тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуус эрүүл мэндээрээ хохирох ёсгүй.
Хууль санаачлагчийн хувьд би энэхүү төслийг улс төрийн оноо цуглуулахын тулд бус, хүүхэд залуусын эрүүл мэнд, нийтийн эрх ашгийг хамгаалах чин хүсэл, хариуцлагын үүднээс өргөн барьсан. Тиймээс энэ хуулийн төслийн төлөө тууштай тэмцэж, эцсийн үр дүнд хүргэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Энэ санаачилгыг дэмжиж буй иргэд, олон нийтийн төлөөлөл, УИХ-ын гишүүд цөөнгүй бий. Харин үүнийг янз бүрийн арга замаар эсэргүүцэж, удаашруулж, гацаахыг оролдож буй хүмүүс ямар эрх ашиг хамгаалж байгааг иргэд өөрсдөө анхааралтай ажиглаж, дүгнэх болно гэдэгт итгэлтэй байна.
Хүүхдийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн ашиг сонирхол гэж байх ёсгүй. Энэ бол зөвхөн нэг хуулийн төслийн асуудал биш. Энэ бол Монгол Улсын ирээдүй, хүүхэд залуусын эрүүл мэнд, аюулгүй орчны төлөөх тэмцэл юм. Тиймээс энэхүү хууль хаврын чуулганы хугацаанд багтан батлагдах ёстой.
Цаашлаад энэ асуудал нь 126 гишүүнтэй шинэ парламент үнэхээр иргэдийн эрх ашиг, хүүхдийн ирээдүйг хамгаалж чадах уу, эсвэл бизнесийн бүлэглэлийн нөлөөнд автах уу гэдгийг харуулах мөс чанар, хариуцлагын томоохон сорилт болох юм" гэлээ.