Засгийн газрын 25 дугаар ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Цагаан хад орчимд “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий төлөөлөл Оюу толгойн зэсийн баяжмалын экспортын тээвэрлэлтийг зогсоох зорилгоор зам хаасан гэх асуудлыг хэлэлцжээ.
Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хууль бусаар саад учруулсан этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох чиглэлээр тусгай үүрэг өгсөн байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
“Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл;
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой бусад хууль тогтоомжийн төслүүд;
Олон улсын гэрээний тухай хуульд заасан Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан гэрээний хэрэгжилтийн тайлан;
“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл буюу Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 13 дахь Ерөнхий сайд Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудал.
Мөн хуралдаанаар Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашиг бүхий төслүүдийн талаар, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын явц, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг тус тус танилцуулж байна.
Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц, нөхөн сэргээлтийн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбаруудыг судалсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.
Үүнээс гадна “Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах Монгол Улсын Засгийн газрын цахим систем (e-zasag.mn)”-ийн үйл ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.