УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хэлэлцэх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2026.06.16) үргэлжилж байна.

Хоёр дахь өдрөө болж буй сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаар шинжээчдийн дүгнэлтийг сонсож, УИХ-ын гишүүдийн асуултад нийслэлийн болон төр захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнууд хариулт өгч байна.

Сонсголтой холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар яагаад оролцохгүй байгаа талаар асуудал хөндөгдсөн. Зарим гишүүн түүнийг гэрчээр дуудаагүй шалтгааныг тодруулсан бөгөөд сонсголыг даргалж буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын тайлбарласнаар Ерөнхий хяналтын сонсголд тухайн асуудлаар одоо үүрэг хүлээн ажиллаж буй албан тушаалтнууд оролцдог журамтай тул Х.Нямбаатарыг гэрчээр дуудаагүй аж.

May be an image of text

Туулын хурдны замын төсөв, зураг төсөл, тендерийн талаар аудитын байгууллага мэдээлэв

Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэнгийн мэдээлснээр Туулын хурдны замын төсөл анх Засгийн газрын 2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Гудамж” төслийн хүрээнд боловсруулагдсан. Улмаар Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор уг төслийг хэрэгжүүлэх эрхийг Улаанбаатар хотын Засаг даргад шилжүүлсэн байна.

Засгийн газар 2023 онд Туулын хурдны замыг концессын хэлбэрээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулж, 2024 оны долдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

НИТХ-аас баталсан 2025 оны төсөвт Туулын хурдны замын нийт төсөвт өртгийг 916.3 тэрбум төгрөгөөр тооцож, тухайн онд 538.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан байна. Харин 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор уг төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийн жагсаалтад оруулж, тендер зарлах үүргийг Сангийн сайд болон нийслэлийн удирдлагад өгчээ.

May be an image of one or more people, dais and text

Төсөвт өртөг хэд дахин өссөн асуудал анхаарал татав

Төслийн чиглэл, зураг төслийг анх 2013 онд баталсан бөгөөд уг шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж. Үүний дараа төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), нарийвчилсан зураг төсөл, төсвийг үе шаттай боловсруулж, холбогдох байгууллагуудаар магадлуулсан байна.

2016 онд Зам, тээврийн хөгжлийн төвөөс төслийн нийт өртгийг 594.8 тэрбум төгрөгөөр баталгаажуулж байсан бол 2024 онд 916.3 тэрбум төгрөг болгон шинэчлэн магадалжээ. Гэвч Зам, тээврийн сайд болон Улаанбаатар хотын захирагчийн 2025 оны хамтарсан шийдвэрээр тендерийн баримт бичигт төслийн өртгийг 1.9 их наяд төгрөгөөр тусгасан нь албан ёсны магадлалаар баталгаажаагүй байсан талаар аудитын байгууллага мэдээлэв. Энэ асуудлаар холбогдох байгууллагууд одоогоор тайлбар ирүүлээгүй байна.

Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны томилсон 14 экспертийн бүрэлдэхүүн төслийн ТЭЗҮ болон зураг төслийг дахин хянасны үндсэн дээр 2025 оны гуравдугаар сарын 18-нд гаргасан магадлалын дүгнэлтээр төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан өртгийг 2.3 их наяд төгрөг, газар чөлөөлөлтийн зардлыг 170 тэрбум төгрөгөөр тооцжээ.

Хоёр удаагийн тендерийн нэг нь амжилтгүй болсон

Төслийн гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг хоёр удаа зохион байгуулсан байна. Эхний сонгон шалгаруулалт 1.9 их наяд төгрөгийн төсөвтэйгээр зарлагдсан боловч амжилтгүй болсон.

Харин хоёр дахь тендерийг 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд зарлаж, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан түншлэл хамгийн өндөр үнэлгээ авч шалгарсан байна. Энэ удаагийн тендерийг 2.3 их наяд төгрөгийн магадлагдсан төсөвт үндэслэн зохион байгуулжээ.

May be an image of one or more people

Санхүүжилт ба нэмэлт зардал

НИТХ-ын шийдвэрүүдээр Туулын хурдны замын төслийн нийт төсөвт өртгийг эцэст нь 2.3 их наяд төгрөг болгон шинэчилж, 2025 онд 500 тэрбум, 2026 онд 800 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан байна. Гүйцэтгэгч байгууллагын урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдсэн 99 тэрбум төгрөгийг олгожээ. Үүнээс гадна төслийн үндсэн өртгөөс гадна нийт 7.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарсан байна. Үүнд:

ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ - 100 сая төгрөг
Зураг төслийг шинэчлэх ажил - 2.9 тэрбум төгрөг
Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөр - 2025 онд 800 сая, 2026 онд 3.9 тэрбум төгрөг
“Туулын хурдны зам” орон нутгийн өмчит компанийн зардал - 50 сая төгрөг
Зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил болон зөвлөх үйлчилгээтэй холбоотой зардал - 25 сая төгрөг
Нийслэлд нийт 16 томоохон төсөл хэрэгжиж байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Баяраагийн мэдээлснээр УИХ болон Засгийн газрын шийдвэрийн хүрээнд нийслэлд нийт 16 томоохон төсөл хэрэгжиж байна. Үүнд:

Орон сууцны 3 төсөл
Нийтийн тээврийн 4 төсөл
Авто зам, замын байгууламжийн 3 төсөл
Эрчим хүчний 4 төсөл
Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах 2 төсөл багтаж буй. 

Эдгээр төслийг Улаанбаатар хотын дэд бүтэц, тээвэр, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа билээ.

May be an image of dais and text