Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтийн эрчимжилттэй уялдан олон жил тулгамдсан асуудал болоод байсан бохир усны менежментийг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалт болох шинэ Төв цэвэрлэх байгууламж албан ёсоор ашиглалтад оров.

Энэхүү төсөл нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан шинэ Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өмнөх байгууламжаас даруй хоёр дахин өндөр хүчин чадалтай ажээ.

Нийт 55 барилга байгууламжаас бүрдэх энэхүү цогцолбор орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан бөгөөд цэвэрлэх явцад гарсан лагийг бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх боломжтойгоороо онцлогтой. Ингэснээр дотоодын эрчим хүчний хэрэгцээнийхээ 35 хүртэлх хувийг өөрөө хангаж, жил бүр 7-8 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардал хэмнэх тооцоо гарчээ.

Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон хоёр улсын холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэхүү төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хэлэхдээ, шинэ цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын цаашдын хөгжил, хот төлөвлөлт, байгаль орчны хамгаалал, агаар хөрсний бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж, бүтээн байгуулалтад оролцсон нийт хамт олонд талархал илэрхийлэв.

Шинэ Төв цэвэрлэх байгууламжтай технологийн уялдаа холбоотой ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг АНУ-ын Millennium Challenge Corporation-ын буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад орсон.

Энэ нь усны нөөцийг дахин ашиглах, усны хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгын ажлыг 2025 оны долдугаар сараас эхлэн үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлжээ.

Төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Засгийн газрын 249.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 13.1 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулсан байна. Талууд энэхүү төслийг Монгол, Хятадын хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй хоёр улсын сайн хөршийн харилцаа, харилцан дэмжлэгийн тод жишээ хэмээн үнэлжээ.

Ёслолын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлсэн энэхүү томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орж буйд баяр хүргээд, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн инженер, техникийн ажилтан, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлсэн байна.

Тэрбээр шинэ Төв цэвэрлэх байгууламж нхоёр улс харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжлийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чаддагийн бодит илэрхийлэл болсныг онцлон тэмдэглэв.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Францын Artelia Group боловсруулсан бол барилгын ерөнхий гүйцэтгэгчээр China Tiesiju Civil Engineering Group болон Beijing Construction Engineering Group-ийн хамтарсан консорциум ажиллажээ. Мөн Монголын 17 туслан гүйцэтгэгч компанийн 400-650 ажилтан, БНХАУ-ын 60 гаруй инженер, техникийн мэргэжилтэн бүтээн байгуулалтад оролцсон байна.

1964 онд ашиглалтад орсон хуучин Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай байсан. Өнгөрсөн хугацаанд гурван удаа өргөтгөл, шинэчлэл хийсэн ч нийслэлийн хүн амын хурдацтай өсөлт, үйлдвэрлэл үйлчилгээний хөгжилтэй холбоотойгоор ачаалал нь хэд дахин нэмэгдсэн. Үүний улмаас цэвэрлэх хүчин чадал буурч, техник технологийн эвдрэл, доголдол ихсэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж байв.

Ийнхүү шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд шинэ хуудас нээгдэж, бохир ус цэвэршүүлэх тогтолцоо олон улсын жишигт хүрэхийн зэрэгцээ нийслэлийн тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл бүрджээ.