Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх-ийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын музейн анхдугаар чуулган зургадугаар сарын 15-нд Чингис хаан Үндэсний музей-д албан ёсоор эхэллээ.
Энэхүү чуулган Монгол Улсад музейн салбарын хүрээнд зохион байгуулагдаж буй хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр түвшний олон улсын уулзалт болж буйгаараа онцлог юм.
Чуулганд Ази, Европын 20 гаруй орны 55 гаруй музейн удирдлага, эрдэмтэн судлаач, соёлын өвийн мэргэжилтнүүд болон төр, засгийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 200 орчим зочин оролцож байна.
Тэд зургадугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд музейн хөгжил, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дижитал шилжилт, инновац, олон улсын хамтын ажиллагаа, боловсрол, маркетинг зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, туршлага хуваалцах юм.
Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааны шинэ индэр
Чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр төрийн тэргүүний мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгчийн илгээлтэд хүн төрөлхтний соёлын өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, мэдлэг боловсрол түгээх үйлсэд хүчин зүтгэж буй музейн байгууллагуудын үүргийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна.
Мөн музейн салбарын хамтын ажиллагаа нь улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, мэдлэг, соёлын солилцоог өргөжүүлэхээс гадна ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдгийг онцолжээ.
Цаашид хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, сэргээн засварлалт, сан хөмрөг, үзэсгэлэн, боловсролын чиглэлээр өрнүүлэх бүтээлч санаачилгыг төрөөс бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байна.

Монголын түүх, нүүдлийн өв дэлхийн анхаарлын төвд
Чингис хаан Үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун чуулганыг нээж үг хэлэхдээ энэ удаагийн уулзалт зөвхөн музейн салбарын мэргэжлийн арга хэмжээ биш, харин Монголын түүх, соёлын өвийг олон улсад сурталчлах чухал боломж болохыг онцолсон юм.
Тэрбээр “Евроазийн бүс нутгийн төдийгүй Ази, Европын нэр хүндтэй музейн удирдлагууд Монголд хүрэлцэн ирж, өв соёлоо хамгаалах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа нь манай улсын соёлын салбарын хувьд түүхэн үйл явдал болж байна” хэмээн тэмдэглэв.
Академич С.Чулууны хэлснээр, энэхүү чуулган нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагийн илэрхийлэл төдийгүй дэлхий нийт Монголын түүх, нүүдэлчдийн соёл иргэншлийг улам бүр сонирхож байгааг харуулж байна. Түүнчлэн соёлын дипломат ажиллагаа нь улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаатай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой болж буйг онцоллоо.
Монголын үзэсгэлэнгүүд дэлхийгээр аялж байна
Сүүлийн жилүүдэд Чингис хаан Үндэсний музей олон улсын хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, дэлхийн нэр хүндтэй музейнүүдтэй хамтран Монголын түүх, соёлыг сурталчилсан томоохон үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар ирсэн.
Тухайлбал, Франц, Чех, Швейцарь зэрэг оронд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, “Чингис хаан ба Монголын ертөнц”, “Монголчууд ба Торгоны зам”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” зэрэг олон улсын хэмжээний үзэсгэлэнгүүдийг амжилттай дэлгэн үзүүлжээ.
Ойрын хугацаанд Герман, Польш, Литва улсад шинэ үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа бол Төв Азийн хэд хэдэн улсад Монголын өв соёлыг танилцуулах тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн Унгарын Үндэсний музей Аттила хаантай холбоотой үзэсгэлэнг Монголд авчрах, Италийн музейнүүд Рафаэлийн бүтээлүүд болон Ил хаант улсын үеийн үнэт дурсгалуудыг Монголд дэлгэн үзүүлэхээр ажиллаж байгаа нь музей хоорондын хамтын ажиллагааны бодит үр дүн болж буй юм.

Соёлын дипломат ажиллагааны шинэ боломж
Чуулганд оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг энэхүү форумыг Евроазийн бүс нутгийн улс орнуудын соёлын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн урьд өмнө байгаагүй томоохон арга хэмжээ гэж тодорхойллоо.
Тэрээр музейнүүдийн хамтын ажиллагаа нь улс орнуудын хоорондын соёлын харилцааг хөгжүүлэх, Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг тэмдэглээд, соёлын дипломат ажиллагаагаар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах шинэ боломжууд улам нэмэгдэж байгааг онцлов.
Дэлхийн музейн удирдлагуудын үнэлгээ
ОХУ-ын Санкт-Петербург хот дахь ОХУ-ын Эрмитаж музейн дэд захирал Алексей Богданов энэ удаагийн чуулганыг музейн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах арга хэмжээ гэж үнэлэв.
Тэрбээр дэлхийн олон орны музейн удирдлагууд нэг дор цугларч, туршлага солилцон, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж байгаа нь соёлын өвийг хамгаалах олон улсын үйл ажиллагааг улам бэхжүүлэхэд түлхэц болно гэдгийг онцолсон юм.
Ирээдүйн хамтын ажиллагааны эхлэл
Олон улсын музейн зөвлөлөөс 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриан дор тэмдэглэж байгаа энэ үед Монгол Улсад болж буй энэхүү чуулган нь онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна.
Таван өдрийн турш үргэлжлэх чуулганы төгсгөлд оролцогчид Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорум, Эрдэнэ Зуу хийд болон Түрэг, Уйгурын үеийн түүхэн дурсгалт газруудтай танилцаж, Монголын нүүдлийн ахуй соёл, музейн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах аж.
Энэхүү чуулган нь зөвхөн музейн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаас гадна Монгол Улсын соёлын дипломат ажиллагааг бэхжүүлж, Монголын түүх, өв соёлыг дэлхий дахинд сурталчлах шинэ боломжуудыг нээж буйгаараа онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна.