Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр (2026.05.05)-ийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар олон улсын анхаарал татсан асуудлыг хөндөж, энэ чиглэлээр нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргалаа.
Тэрбээр АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон Жеффри Эпштейнтэй холбоотой баримтуудад Монголын нэр бүхий өндөр албан тушаалтнуудын нэр дурдагдсан байж болзошгүй талаар онцолсон юм.
Б.Баярбаатарын мэдээлснээр, Эпштейн нь насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан, мөн санхүүгийн хууль бус олон ажиллагаанд холбогдсон нь олон сая хуудас баримтаар ил болсон байдаг. Эдгээр материал дунд Монголын улс төрийн хүрээний зарим хүний нэр дурдагдсан гэх мэдээлэл яригдаж эхэлжээ.
Тухайлбал, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Эпштейн рүү “Нью-Йоркт уулзахдаа нэг сюрпризтэй очно, тэр нь монгол охин” гэх утгатай захидал илгээсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед асрамжийн газраас хүүхэд үрчилж авсан асуудалтай холбоотойгоор хүн худалдаалах, мөлжлөгийн шинжтэй байж болзошгүй гэсэн хардлага ч бий аж.
Түүнчлэн 2014 онд Монголын өндөр албан тушаалтнууд Эпштейний урилгаар Дубайд очиж, өндөр өртөгтэй VIP арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл сөхөгдсөн байна. Энэ нь “Dubai World Cup”-тай холбоотой байж болзошгүй бөгөөд элит хүрээний уулзалт болсон гэж үзэж байгаа аж.
Мөн Монголын нэр дээр бүртгэлтэй “Saturday” нэртэй морь уралдсан гэх мэдээлэл дурдагдаж, дараа жил нь байгуулсан “Дубайн гэрээ”-тэй холбоотой улс төрийн шийдвэрт гаднын нөлөө орсон байж болзошгүй гэх хардлага гарчээ.
Эпштейнтэй холбоотой хэргийг Их Британи, Франц, Норвеги зэрэг улс орнууд шалгаж байгаа бөгөөд АНУ-аас холбогдох мэдээллийг авах ажиллагаа үргэлжилж буй аж.
Б.Баярбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан, АНУ-ын талтай шуурхай холбогдож, баримт мэдээлэл татан авах чиглэл өгсөн талаар мэдэгдсэн юм. Тэрбээр "Эпштейн бол санхүүгийн гэмт хэрэгтэн. Морин уралдаан, үнэт чулуу, уран зураг, эдлэн газар хаус зэргээр мөнгө угаадаг гэх мэдээлэл бий.
Мөн бусад улс орнуудын улс төрд нөлөөлж, тодорхой шийдвэрүүд гаргуулах лобби хийдэг гэх мэдээлэл ч байгаа. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүмүүс нэр холбогдсон.
Хууль зүйн байнгын хороон дээр эдгээр агуулгуудаар нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргаад, УИХ-ын гишүүд дэмжиж, гарын үсэг цуглуулж эхэлж байна" гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, үнэн зөвийг тогтоохоор ажиллана гэж мэдэгдээд, “Ямар хүмүүс, ямар зорилгоор уулзсан бэ гэдгийг шалгаж, олон нийтэд ил тод мэдээлнэ” хэмээн онцолжээ.
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун "Их тэнгэрийн аманд байрлуулсан 21 уран зураг алдагдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна" гэв.