ХБНГУ-ын Бюдельсдорф хот дахь Күнстверк Карлсхютте урлагийн цогцолборт “Норд Арт-2026” үзэсгэлэнгийн хүндэт зочдын хүрээнд зохион байгуулдаг тусгай нээлт энэ сарын 5-нд болжээ.

Дэлхийн орчин үеийн дүрслэх урлагийн нэр хүндтэй платформуудын нэг тус үзэсгэлэнгийн нээлтэд Бюдельсдорф хотын захирагч Райнер Хинрихс, ACO группийн төлөөлөл Катарина Альманн, НордАртын ерөнхий куратор Вольфганг Грамм, куратор Инга Ару, Тасо Грамм болон олон улсын урлаг, соёлын салбарын төлөөлөгчид Монголын павильоны уран бүтээлчид, зохион байгуулагчдын баг болон дэмжигч түншүүд оролцсон байна.

Түүнчлэн энэхүү нээлтийн үеэр “НордАрт-2025” шагналын эзэд албан ёсоор шагналаа гардлаа. Тус шагналын эзнээр ОХУ-ын уран бүтээлч Екатерина Захарова тодорсон бөгөөд тэрбээр “Human Being Mosaic” цуврал бүтээлээрээ дүрслэлийн өндөр ур чадвар, өнгөний нарийн мэдрэмжээ харуулснаар олон улсын шүүгчдэд үнэлэгджээ.

Мөн үзэгчдийн нэрэмжит шагналын эзэд болох Польшийн уран бүтээлч Вислав Сметек, Израилын видео артист Ронен Шарабани, Их Британийн уран бүтээлч Пол Критчли нар энэ жилийн үзэсгэлэнд шинэ бүтээлүүдээрээ дахин оролцож байна.

Монголын орчин үеийн урлагийг дэлхийд таниулсан долоо дахь тусгай төсөл

Монгол Улс энэ удаагийн үзэсгэлэнд “Салхи ба сүнслэг оршихуйн завсар-Орон зайн мөрүүд” сэдэвт тусгай төслөөр оролцож байна. Куратор О.Оюунжаргалын удирдсан уг төсөлд Монголын орчин үеийн дүрслэх урлагийн 14 уран бүтээлчийн уран зураг, баримал, керамик, текстиль, инсталляц, холимог техникийн бүтээлүүд багтжээ.

Үзэсгэлэн нь нүүдэлчдийн соёлын оюун санааны болон материаллаг өвийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр тайлбарлан, байгаль, хөдөлгөөн, оршихуйн харилцан шүтэлцээ, дотоод ухамсрын тухай эргэцүүллийг дэвшүүлж буйгаараа онцлог юм.

Нээлтийн үеэр куратор О.Оюунжаргал хэлэхдээ, “Герман, Монголын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буй энэ үед Монголын орчин үеийн урлагийг Норд Артын индэрт дахин толилуулж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын долоон тусгай төслийг амжилттай хэрэгжүүлж, 140 гаруй монгол уран бүтээлчийг олон улсын үзэгчдэд хүргэсэн нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны чухал хэсэг болсон” хэмээн онцоллоо.

Монголын павильоны концепц нь байгаль ба дотоод ухамсар, харагдах ба үл харагдах ертөнцийн хоорондын нарийн холбоог уран сайхны хэлээр илэрхийлж буй ажээ.

Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-аас хэрэгжүүлсэн уран бүтээлч солилцооны хөтөлбөрөөр керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн, У.Одмаа, уран барималч Ж.Түвшинжаргал нар Берлин хотод хоёр сарын турш ажиллаж, “НордАрт-2026” үзэсгэлэнд зориулсан арван шинэ бүтээл туурвисан байна.

Европын хамгийн том орчин үеийн урлагийн тайз

Шлесвиг-Холштайн муж дахь Карлсхютте төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор нь жил бүрийн зун дэлхийн орчин үеийн урлагийн томоохон төв болон хувирдаг. Энэ жил дэлхийн 3000 орчим өргөдлөөс шалгарсан 200 гаруй уран бүтээлчийн бүтээлийг 22 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий үйлдвэрийн түүхэн танхимууд болон 80 мянган ам дөрвөлжин метр баримлын цэцэрлэгт хүрээлэнд дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн ерөнхий куратор Вольфганг Грамм, “Урлаг бол хүнийг хөдөлгөж, сэтгэлийг нь догдлуулдаг бүхний хариуг эрэлхийлдэг. Харин хүн өөрийн хариултыг урлагаас олж чаддаг” хэмээн тодотгов.       

1999 оноос хойш зохион байгуулж буй “НордАрт-2026” үзэсгэлэн зургаадугаар сарын 6-наас 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд концерт, перформанс, яруу найргийн тоглолт, кураторын аялал зэрэг олон төрлийн соёлын үйл ажиллагаа зохион байгуулах юм.