Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат шүлхий гараад байгаа бүх нутгуудад ажиллаад иржээ. Тэрбээр өвчлөлийн нөхцөл байдал болон вакцины талаар мэдээлэв.

Салбарын сайд "САТ-1 хэлбэрийн шүлхийн вакциныг ОХУ, БНХАУ-аас авах бөгөөд эхний ээлжид БНХАУ-аас энэ 7 хоногт эхний ээлжин вакцинуудыг оруулж ирэх аж. Ингээд ирэх сарын эхээр вакцинжуулалт хийж дуусгахаар төлөвлөж байна. Шүлхий туссан үхрийг устгалд оруулдаг бөгөөд Засгийн газраас нөхөн төлбөрийг шуурхай шийднэ" гэлээ.

Тэрээр “Шүлхийн тархалтыг вакцинаар л зогсооно. Гэхдээ хоёрхон газар үйлдвэрлэдэг учраас оочир дараалал, захиалга маш их байна. Бид ОХУ, БНХАУ-д санал тавьсан. ОХУ долдугаар сарын 10 гэхэд эхний сая тунг үйлдвэрлэлээс гаргаж, нийлүүлнэ гэсэн.

БНХАУ-аас өнөөдөр эхний дээж ирж байна. Гурав дахь өдрөөс татаж авна. Зургадугаар сарын 20 гэхэд вакцинжуулалтаа эхлүүлээд долдугаар сарын 3,4 хавьцаа дуусгаад 14 хоногийн дотор дархлаа үүснэ гэж байна.

Шүлхий өвчин 7 хэвшилтэй. Үүнээс О хэвшлийн вакцин манайд гардаг бөгөөд энэ төрлийн вакциныг хийдэг. Одоо бол О хэлбэр дээр нэмээд САТ-1 хэвшлийн шүлхий нэмэгдсэн. Сэлэнгэ, Төв аймагт О хэлбэрийн шүлхий. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хонинд гарсан. Баян-Өлгий, Ховд аймагт гарсан шүлхий САТ-1 хэлбэрийнх” гэв.