Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн “FIBA 3x3 Vienna Women's Series” тэмцээн Австрийн Вена хотод болж өндөрлөв.Нийт 12 орны шилдэг 12 баг оролцсон энэхүү тэмцээнд Монгол Улсаас “Улаанбаатар Амазонс” өрсөлдөж, хоёрдугаар байр эзэлсэн.

О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нарын бүрэлдэхүүнтэй манай баг хэсгийн шатанд Испанийн “Мадрид”-д 18:21-ээр хожигдсон ч Украиныг 21:17-гоор буулган авчээ.

Ингэснээр хасагдах шатанд хоёрдугаар байраар шалгарч, улмаар шөвгийн наймд Румыны “Бухарест”-ыг 21:15-аар, хагас шигшээд Францыг 17:12-оор хожжээ. Гэвч финалд хэсгийн шатанд тоглосон Испанийн “Мадрид”-тайгаа дахин таарахад 14:20-оор хожигдсоноор дэд байрт шалгарч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв.

Венагийн дэлхийн гранприд хоёрдугаар байр эзэлсний дараа FIBA 3x3-аас чансааг шинэчлэхэд Монголын “Улаанбаатар Амазонс” баг нэгдүгээрт жагсаж эхэллээ. Ингэснээр Монголын баг мэргэжлийн баг анх удаа дэлхийн чансааг тэргүүлэх болов.

“Улаанбаатар Амазонс”-ын оролцох дараагийн тэмцээн нь манай улсад болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” юм. Дараа нь долдугаар сарын 4, 5-нд Хятадын Сяньтао хотын цувралд өрсөлдөхөөр төлөвлөжээ.