УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр (2026.06.15) 09.00 цагт Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт болон хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсгол эхэлнэ.

Энэхүү сонсгол нийслэлийн төсвийн үр ашиг, хөрөнгө оруулалтын төслүүдийн явц, санхүүжилтийн ил тод байдал болон хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийх зорилготой. Ялангуяа сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй өндөр дүнтэй буюу тэрбум тэрбум ам.долларын санхүүжилт бүхий томоохон төслүүдийн хэрэгжилтийг нарийвчлан шалгаж, холбогдох хүмүүс болон байгууллагуудаас тайлбар, мэдээлэл авах юм байна.

Сонсголд өмнө нь нийслэлийн удирдлагын түвшинд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг оролцуулахаар дуудсан байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга асан Х. Нямбаатар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нарын зэрэг албан тушаалтнуудыг мэдээлэл өгөхөөр оролцуулахаар төлөвлөжээ.

Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалах бол ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж байна. Сонсголд нийт 100 гаруй хүн оролцохоор бүртгэгдсэн талаар зохион байгуулагчид мэдээлэв.

Хяналтын сонсголын үеэр нийслэлд хэрэгжиж буй дэд бүтэц, зам тээвэр, хот байгуулалт болон бусад томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилт хэрхэн зарцуулагдаж байгаа, ямар шатанд хэрэгжилттэй байгаа, хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж байгаа эсэх зэрэг олон асуудлыг асуулт, хариултын хэлбэрээр тодруулж хэлэлцэх юм байна.

Сонсголын үр дүнд нийслэлийн төсвийн зарцуулалтын ил тод байдлыг нэмэгдүүлэх, алдаа зөрчил байвал илрүүлэх, цаашид төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах чиглэлд тодорхой дүгнэлт, санал гарах ажээ.