Транс тос хүний биед хамгийн их эрсдэл учруулдаг өөх тосны нэг. Ихэвчлэн үйлдвэрийн аргаар ургамлын тосыг хатууруулж, удаан хадгалах боломжтой болгох зорилгоор гаргаж авдаг. Энэ төрлийн тосыг хүнсний бүтээгдэхүүний бүтэц, амт, хадгалалтыг сайжруулахын тулд өргөн хэрэглэдэг боловч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь "маш ноцтой".

Транс тос бие махбод дахь өөх тосны солилцоонд сөргөөр нөлөөлж, цусны холестериний тэнцвэрийг алдагдуулдаг бөгөөд ялангуяа “муу” холестерин гэж нэрлэгддэг LDL-ийг нэмэгдүүлж, харин “сайн” холестерин болох HDL-ийг бууруулдаг. Үүний улмаас судасны хананд өөх тос хуримтлагдаж, аажмаар хатуурах, нарийсах процесс явагдаж, зүрх судасны өвчин үүсэх үндсэн нөхцөл бүрддэг байна.

fat

Транс тосны тогтмол хэрэглээ нь зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг амь насанд аюултай өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь дэлхийн хэмжээнд нас баралтын гол шалтгаануудын нэг болох зүрх судасны өвчний суурь хүчин зүйлсийн нэгд тооцогддог.

Мөн энэ төрлийн тос нь биеийн үрэвслийн түвшнийг нэмэгдүүлж, эсийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах замаар бодисын солилцооны эмгэгүүд, тухайлбал таргалалт болон 2-р хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Судалгаануудын дүнгээс харахад, транс тос ихээр хэрэглэдэг хүмүүсийн инсулины мэдрэмж буурч, цусан дахь сахарын зохицуулалт алдагдах хандлагатай байдаг нь чихрийн шижингийн суурь нөхцөл болдог байна.

Транс тос зөвхөн дотоод эрхтэний өвчлөлд нөлөөлөөд зогсохгүй биеийн ерөнхий эрүүл мэнд, дархлааны тогтолцоонд ч сөргөөр нөлөөлдөг ажээ. Удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэхэд архаг үрэвсэл үүсэх, ядаргаа нэмэгдэх, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг шинж тэмдэг илэрч болдог байна.

Энэ тос нь ихэвчлэн шарсан түргэн хоол, бэлэн нарийн боов, печень, бялуу, чипс болон олон төрлийн үйлдвэрийн боловсруулсан хүнсэнд агуулагддаг тул өдөр тутмын хооллолтоор дамжин хүний биед мэдэгдэхгүйгээр хуримтлагддаг онцлогтой аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага транс тосны хэрэглээг аль болох бүрэн хязгаарлахыг зөвлөдөг бөгөөд хүнсний бүтээгдэхүүн дэх энэ төрлийн тосыг арилгах нь олон улсын эрүүл мэндийн бодлогын чухал зорилт болсон.

Иймээс хүмүүс хоол хүнсний шошгыг анхааралтай уншиж, “хэсэгчлэн устөрөгжүүлсэн тос” агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх, шарсан болон үйлдвэрийн боловсруулсан хоолны хэрэглээг багасгах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.

Товчоор хэлвэл, транс тос нь хямд өртөгтэй үйлдвэрлэлийн давуу талтай боловч хүний зүрх судас, бодисын солилцоо, нийт эрүүл мэндэд урт хугацааны ноцтой хор хөнөөл учруулдаг тул аль болох хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай хүнсний бүрэлдэхүүн гэдгийг ямагт санах нь зүйтэй.

Эх сурвалж: WHO, FAO