Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын мэс заслын тасгийн хамт олон АНУ-ын төвтэй Virtue Foundation-ийн эмч нартай хамтран 2026 оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 2-ны өдрүүдэд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй нийт 42 эмчлүүлэгчид үзлэг, оношилгоо хийжээ.

Үзлэгийн үр дүнд хараа нь эрс буурч, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслын заалттай 6 эмчлүүлэгчийг сонгон, өндөр түвшний нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийж, хараа сэргээх боломжийг бүрдүүлсэн байна.

-Эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах мэс засал
-(Penetrating Keratoplasty – PKP)
-Эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах мэс засал
- (Descemet Stripping Endothelial Automated Keratoplasty – DSEAK)

Эдгээр мэс заслыг Virtue Foundation-ийн эвэрлэг, болрын мэс засалч Dr. Leela Raju, УНТЭ-ийн Эвэрлэг, болрын мэс засалч Т.Ундармаа нарын удирдлага дор Нүд судлалын мэс заслын тасаг, Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн эмч, сувилагч, асрагч болон бусад мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд амжилттай гүйцэтгэжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад эвэрлэг бүрхүүлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчдэд эх орондоо өндөр чанартай тусламж үйлчилгээг авах боломжийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа аж.

Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийн суурийг тавихад онцгой ач холбогдолтой байжээ.

Хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн Virtue Foundation-ийн эмч, мэргэжилтнүүд болон энэхүү үйл ажиллагаанд хүчин зүтгэл гарган, оролцсон нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээрх хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжих болтугай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.