Ираны Гадаад хэргийн сайд Арагчи АНУ-тай хийх гал зогсоох хэлэлцээрт Иранаас хураан авсан хөрөнгийг суллах асуудал багтсан талаар мэдэгджээ.
Мөн тэрбээр X (хуучнаар Twitter) дээр "АНУ болон Израилийн Ираны эсрэг мөргөлдөөнийг бүрмөсөн зогсоох тохиролцоонд хүрэхэд “урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ойртсон” гэжээ. Би үүнийг олон удаа хэлж байсан.
Энэ дайны явцад бид Ливаныг хэзээ ч мартдаггүй. Учир нь Ливан болон Хезболла хөдөлгөөн нь ямар ч тохиолдолд энэ дайнд Ираны ард түмний хамт тэмцэж ирсэн бөгөөд бид тэднийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй.
Мөн хэлэлцээний хүрээнд дараагийн шатны яриа хэлэлцээнд ямар сэдвүүд багтах тухай асуудал бий. Үүнд: Ираны цөмийн асуудал, хориг арга хэмжээг цуцлах асуудал, сэргээн босголт болон эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө зэрэг багтана.
Сэргээн босголт, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг тодорхой механизмаар хэрэгжүүлэх санал тавьсан бөгөөд уг механизмын талаар дараагийн хэлэлцээгээр тохиролцоно гэж үзэж байна.
Мөн далайн бүслэлтийг сулруулах асуудал хэлэлцээний нэг хэсэг болох боломжтой бөгөөд энэ нь дараагийн яриа хэлэлцээний үеэр тодорхой болно.
Иран улсын царцаагдсан хөрөнгийг суллах асуудал ч мөн хэлэлцээний хүрээнд багтсан бөгөөд үүний талаар тусгай механизм аль хэдийн тодорхойлогдсон байна. Эдгээр бүх асуудал нь талуудын байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: AL JAZEERA