OpenAI-ийн хөгжүүлсэн ChatGPT-ын сарын идэвхтэй хэрэглэгчдийн (Monthly Active Users, MAU) тоо 2026 оны тавдугаар сард 1 тэрбум давсан анхны хиймэл оюуны аппликейшн болжээ.
Энэхүү үзүүлэлтийг зах зээлийн судалгааны Sensor Tower компани тооцоолж, ChatGPT-ийг энэ амжилтад хүрсэн түүхэн дэх хамгийн хурдан өссөн аппликейшн гэж үнэлсэн байна.
Хэр хурдан өсөв?
ChatGPT 2022 оны арваннэгдүгээр сард олон нийтэд танилцуулагдсан. Түүнээс хойш ердөө гурван жилийн дотор сарын нэг тэрбум хэрэглэгчтэй болж, өмнө нь энэ босгыг давсан томоохон платформуудын өсөлтийн хурдыг гүйцэж түрүүлжээ. Харьцуулбал:
-Google Maps – ойролцоогоор 5 жил
-TikTok – ойролцоогоор 5 жил
-Instagram – бараг 8 жил
-YouTube – хэдэн жилийн дараа энэ түвшинд хүрсэн. Харин ChatGPT энэ амжилтад гурав орчим жилийн дотор хүрсэн байна.
Яагаад ийм хурдацтай өсөв?
ChatGPT асуултад хариулах, орчуулга хийх, контент бичих, програмчлалын код боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийх, зураг үүсгэх зэрэг олон төрлийн ажлыг нэг платформ дээр гүйцэтгэх боломжтой болсон нь хэрэглэгчдийн тоог эрс нэмэгдүүлжээ. Мөн боловсрол, бизнес, маркетинг, программ хангамж, хэвлэл мэдээлэл зэрэг салбаруудад өргөн ашиглагдаж байна.
OpenAI-ийн бусад үзүүлэлтүүд
2026 оны хоёрдугаар сард OpenAI:
-ChatGPT-ийн 900 сая долоо хоногийн идэвхтэй хэрэглэгчтэй
-50 сая төлбөртэй захиалагчтай болсноо зарлажээ. Энэ нь хиймэл оюуны үйлчилгээний зах зээл асар хурдацтай тэлж буйг харуулж байна.
Өрсөлдөгчид хаана явна вэ?
ChatGPT-ийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг болох Anthropic-ийн хөгжүүлсэн Claude нь 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар ойролцоогоор сарын 56 сая идэвхтэй хэрэглэгчтэй байгаа ч хэрэглэгчийн өсөлтийн хувь нь ChatGPT-ээс өндөр аж.
Энэ амжилт юуг харуулж байна вэ?
Шинжээчдийн үзэж байгаагаар, нэг тэрбум хэрэглэгчийн босгыг давсан нь хиймэл оюун ухаан туршилтын шатнаас гарч, өдөр тутмын хэрэглээний үндсэн технологийн нэг болсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, ChatGPT зөвхөн технологийн сонирхогчдын хэрэгсэл биш, дэлхий даяар боловсрол, ажил, бизнес, бүтээлч ажиллагааны салшгүй хэсэг болжээ.
Эх сурвалж: INVESTING, RESULTSENSE