Хойд Америкт анх удаа гурван улсын хамтран зохион байгуулж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын хамтын зохион байгуулалттай 2026 оны ДАШТ түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй тэмцээнд тооцогдож байна.

Тэмцээний нээлтийн ёслол Мехико хотод болов. Нийт гурван удаагийн албан ёсны нээлтийн арга хэмжээ төлөвлөгдсөн бөгөөд дараагийн ёслол баасан гарагт Канадын Торонто хотод, харин гурав дахь нь бямба гарагт АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулагдах юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жанни Инфантино нээлтийн өмнө “Эдгээр нээлтийн ёслол нь хөгжим, соёл, хөлбөмбөгийг нэгтгэн, улс бүрийн онцлог болон энэ тэмцээнийг тодорхойлох эв нэгдлийг илэрхийлнэ. Энэ бол дэлхий нийтийг хамарсан баяр наадмыг эхлүүлэх хүчирхэг арга” гэж онцолсон.

Нээлтийн ажиллагаа өндөрлөсний дараахан Мехико хотын алдарт “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд Мексик болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын шигшээ багуудын эхний тоглолт болж, тэмцээн албан ёсоор эхэлсэн. Нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ баг 2:0 харьцаатай ялалт байгууллаа.

FIFA World Cup 2026 - Group A - Mexico v South Africa

48 багтай, шинэ форматтай түүхэн тэмцээн

Энэ удаагийн ДАШТ нийт 48 улсын шигшээ баг оролцож буй анхны тэмцээн бөгөөд 16 хотод 104 тоглолт зохион байгуулагдана. Шигшээ тоглолт долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси мужийн MetLife Stadium цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Шинэ форматын дагуу тэмцээний багуудын тоо 32-оос 48 болж нэмэгдсэнээр Узбекстан, Йордан, Кабо-Верде, Кюрасао зэрэг улс анх удаа ДАШТ-д оролцох боломжтой болсон байна.

Олон улсын хөлбөмбөгийн түүхэнд дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг гурав дахь удаагаа дараалан урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй.

Мөн 2022 онд Украинд эхэлсэн дайны улмаас ОХУ болон Беларусийн шигшээ багууд энэ удаагийн урьдчилсан шатанд оролцоогүй юм.

Тоглолтын эхлэл ба дараагийн тоглолтууд

Мехико хотын 87,500 үзэгчийн багтаамжтай, Латин Америкийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн тоглолт ийнхүү тэмцээний эхлэлийг тавилаа.

А хэсгийн хүрээнд Канадын шигшээ баг баасан гарагт Торонто хотод Босни ба Херцеговинагийн багтай, харин АНУ-ын шигшээ баг бямба гарагт Лос-Анжелест Paraguay-тай тус тус тоглоно.

Шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсан ДАШТ

Энэ удаагийн тэмцээний тасалбарын үнэ болон аялал, байр, үйлчилгээний зардал хэт өндөр болсон гэх шүүмжлэлд өртөөд байна. Мөн Мехико хотод сүүлийн өдрүүдэд өрнөсөн эсэргүүцлийн жагсаал нээлтийн арга хэмжээг тасалдуулах эрсдэл үүсгэж байжээ.

Олон мянган иргэн цэнгэлдэх хүрээлэн рүү хүргэдэг гол өргөн чөлөөг хаан эсэргүүцэл илэрхийлсэн ч цагдаагийн хамгаалалтыг давж чадаагүй байна. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум уг үйлдлийг өдөөн хатгалга хэмээн буруушааж, "Нээлтийн тоглолт товлосон хугацаандаа саадгүй болно" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC