K-pop супер хамтлаг BTS өнөөдөр буюу баасан гарагт “Arirang” дэлхийн аялан тоглолтынхоо Бусан хот дахь хэсгийг эхлүүлэхээр болж, дэлхийн олон сая шүтэн бишрэгчид болох ARMY-тайгаа дахин уулзах гэж байна.
Хамтлаг энэ баасан, бямба гарагт Бусан хотын Busan Asiad Main Stadium-д тоглолтоо хийх бөгөөд нийтдээ ойролцоогоор 110,000 үзэгч цуглуулах төлөвтэй байгаа аж. Хоёр өдрийн тоглолтын бүх тасалбар хэдийнэ зарагдаж дуусжээ.
BTS энэ аялан тоглолтоо өнгөрсөн дөрөвдүгээр сард Сөүл хотын баруун хойд хэсэгт байрлах Гоянг цэнгэлдэхэд эхлүүлсэн. Тэндээ гурван тоглолт хийсний дараа гадаад улс орнуудаар аялжээ. Үүний дараа Токио, Тампа, Эль Пасо, Мехико, Стэнфорд, Лас Вегас зэрэг хотуудад тоглолтоо хийж, зөвхөн Хойд Америкийн хэсэгт 15 тоглолтоор нийт 840,000 орчим шүтэн бишрэгч цуглуулсан байна.
Энэ удаагийн Бусан дахь тоглолт 2022 оны аравдугаар сард “Yet to Come in Busan” тоглолтоо хийснээс хойш тус хотод хийж буй анхны тоглолт нь юм. Тухайн тоглолт 2030 оны Дэлхийн Экспо зохион байгуулах Бусаны нэр дэвших ажиллагааг дэмжих зорилготой байжээ.

Мөн энэ тоглолт нь хамтлагийн гишүүд цэргийн албанд татагдан хэсэг хугацаанд завсарлага авснаас өмнө хамгийн сүүлд тоглосон газартаа дахин эргэн ирж буйгаараа онцлогтой аж.
Бусан дахь хоёр дахь тоглолт нь хамтлагийн 13 жилийн ойн өдөртэй давхцаж байгаа бөгөөд дэлхий даяар 80 гаруй орны 3800 орчим кинотеатраар шууд дамжуулан үзүүлэхээр болжээ. Өмнөд Солонгост CGV, Lotte Cinema, Megabox зэрэг томоохон сүлжээнүүдээр үзүүлэх юм байна.
Тоглолтоос гадна “BTS The City Arirang Busan” нэртэй соёлын хөтөлбөрийг зургадугаар сарын 21 хүртэл хэрэгжүүлж, Бусан хот даяар BTS-тэй холбоотой олон арга хэмжээ зохион байгуулагдах нь. Үүнд Gwangan Bridge дээрх дроны гэрлийн шоу болон Busan Cinema Center-ийн дээврийн гэрлийн үзүүлбэр багтжээ.
Хамтлагийн дэлхийн аялан тоглолт ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилж, нийт 34 хотод 86 тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Бусаны тоглолтын дараа BTS зургадугаар сарын 26, 27-нд Мадрид хотод дараагийн тоглолтоо хийхээр болжээ.
Эх сурвалж: YONHAP