Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр боллоо. Тус айлчлал Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар хэрэгжиж байгаа талаар Хятадын Гадаад хэргийн яам болон Монголын Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Ван И Монгол Улсад өмнө нь хэд хэдэн удаа албан ёсны айлчлал хийж байсан туршлагатай дипломатч юм. Тэрбээр анх 2014 онд Монголд айлчилж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Гадаад харилцааны сайд Л.Болд нартай уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байв.
Мөн 2018 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзан Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож байсан билээ.
Үүний дараа 2020 оны есдүгээр сард цар тахлын үед Монголд айлчилсан анхны гадаад улсын Гадаад хэргийн сайд болж байв. Тухайн айлчлалын үеэр хоёр тал хил боомтын хамтын ажиллагаа, эдийн засгийн сэргэлт, худалдаа, буцалтгүй тусламжийн асуудлаар хэлэлцэж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан.
Сүүлийн жилүүдэд Ван И болон Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар олон улсын арга хэмжээний үеэр тогтмол уулзаж, хоёр улсын худалдаа, дэд бүтэц, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулах асуудлаар санал солилцсоор иржээ.
Энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын дипломат харилцаа эрчимтэй хөгжиж буй үед болж байгаагаараа онцлогтой. Хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн жил дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тэмдэглэсэн юм.
Айлчлалын хүрээнд талууд хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, хил дамнасан тээвэр логистикийн хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар санал солилцох төлөвтэй байна.
Ван Игийн энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: ГХЯ, CHINA FOREIGN AFFAIRS