2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ баг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-ын шигшээ багийг 2:0-ээр буулган авлаа. Тоглолт зургадугаар сарын 11-ний пүрэв гаргийн орой Мехико хотын алдарт "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд болов.

Тэмцээний эхний гоолыг тоглолтын 9 дэх минутад Мексикийн довтлогч Хулиан Киньонес оруулжээ. Харин хоёр дахь гоолыг багийнхаа 35 настай туршлагатай тоглогч Рауль Хименес хоёрдугаар үеийн дундуур оруулсан байна.

Тоглолтын үеэр Бразилын шүүгч Уилтон Сампайо нийт гурван шууд улаан хуудас үзүүлсэн нь дэлхийн аваргын нээлтийн тоглолтын түүхэнд анх удаа тохиосон явдал болжээ.

ӨАБНУ-ын тоглогч Яя Ситоле 49 дэх минутад талбайгаас хөөгдсөн байна. Тооны харьцаа 2:0 болоод байхад түүний багийн анд Темба Зване мөн улаан хуудас авчээ. Харин нэмэлт цагт Мексикийн хамгаалагч Сесар Монтес улаан хуудас авснаар хоёр баг нийт гурван тоглогчоо алдсан байна.

А хэсгийн өөр нэг тоглолт Мексикийн Гвадалахара хотын "Акрон" цэнгэлдэх хүрээлэнд болж, Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийн шигшээ багтай тоглохоор товлогджээ. Харин Германы шигшээ баг зургадугаар сарын 14-нд Кюрасаогийн шигшээ багтай анхны тоглолтоо хийх юм байна.

ДАШТ-д анх удаа 100-аас дээш тоглолт болно

2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүхэндээ хамгийн олон буюу 48 багийн оролцоотой болж байна. Энэ нь 1998 оноос хойших өмнөх долоон тэмцээнийхээс 16 багаар илүү үзүүлэлт юм.

Багууд 12 хэсэгт хуваагдсан бөгөөд хасагдах шатанд нийт 32 баг шалгарна. Үүнд: хэсэг бүрийн эхний хоёр байрт шалгарсан 24 баг; гуравдугаар байрт орсон багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй 8 баг багтана.

Тэмцээний хүрээнд нийт 104 тоглолт зохион байгуулагдах бөгөөд таван долоо хоногоос илүү хугацаанд үргэлжлэх юм. Өмнөх дэлхийн аваргуудтай харьцуулахад тоглолтын тоо 40-өөр нэмэгджээ.

ДАШТ-2026-гийн финалын тоглолт долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси муж дахь MetLife Stadium цэнгэлдэх хүрээлэнд болно.

Визийн хязгаарлалт шүүмжлэл дагуулж байна

Тэмцээний ихэнх тоглолт АНУ-д болох тул зарим улсын хөгжөөн дэмжигчид багуудаа газар дээр нь очиж дэмжих боломжгүй болжээ. Иран болон Гайти улсын хөгжөөн дэмжигчдэд АНУ-д нэвтрэх бүрэн хориг үйлчилж байгаа аж. Сенегал Кот-д’Ивуар улсын иргэдэд жуулчны виз олголтыг үндсэндээ зогсоожээ.

Мөн оролцогч талуудад ч хүндрэл гарсан байна. Сомалийн нэрт шүүгч Омар Артанд АНУ-д нэвтрэх зөвшөөрөл олгоогүй бол Сенегал, Узбекистаны шигшээ багийнхан Нью-Йоркийн нисэх буудал дээр урт хугацааны шалгалтад өртжээ. Түүнчлэн Иракийн шигшээ багийн довтлогч Аймен Хуссейн-ийг Чикагогийн нисэх буудал дээр өөр хүнтэй андуурч, долоон цагийн турш байцаасан байна.

Өндөр үнэ болон байгаль орчны асуудал

Тэмцээний тасалбарын үнэ мөн шүүмжлэл дагуулж байгаа аж. Зарим тоглолтын тасалбар хэдэн мянган ам.долларын үнэтэй болжээ. Финалын VIP ангиллын тасалбарын анхны үнэ 11 мянган ам.доллар орчим байсан аж.

Хөгжөөн дэмжигчдийн байгууллагууд болон хэрэглэгчдийн эрх хамгаалагчид "FIFA тасалбарын үнийг хэт өндөр тогтоосон" гэж буруутгажээ.

Мөн судалгаагаар энэхүү тэмцээн есөн сая тонноос давсан нүүрсхүчлийн хий (CO₂) ялгаруулах эрсдэлтэй гэж үзэж байна. Учир нь, тоглолтуудын хоорондох зай хол, нислэгийн тоо маш их байгаа аж. Байгаль хамгаалагчид үүнийг дэлхийн аваргын түүхэн дэх "уур амьсгалд хамгийн сөрөг нөлөөтэй тэмцээн" байж магадгүй гэж анхааруулжээ.

Түүнчлэн зарим цэнгэлдэх хүрээлэн хотын төвөөс хол байрладаг тул хүрэх зардал өндөр байна. Жишээлбэл, Нью-Жерсигийн цэнгэлдэх хүрээлэн рүү очих галт тэрэгний тасалбар ойролцоогоор 100 ам.долларын үнэтэй бол автомашины зогсоолын төлбөр 75-300 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа аж.

Эх сурвалж: DW