Орчин үеийн энтертайнмент ертөнцөд шинэ одод бараг өдөр бүр төрж байна. Цахим сүлжээ, стриминг платформуудын эрин үед алдар нэрд хүрэх зам өмнөхөөсөө илүү ойр болсон ч тэрхүү нэр хүндийг даруу зан, хариуцлага, хүнлэг чанартай хамт авч явах нь ховор үзэгдэл хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд Азийн үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж буй залуу жүжигчдийн нэг бол Хятадын жүжигчин Жан Линхэ юм. Хүмүүн.мн сайт энэ удаа HUMAN буландаа өндөр нуруу, цэвэр төрх, дэлгэц дүүргэх өвөрмөц харизмтай, олон хит драмын гол дүрийг бүтээж, шинэ үеийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болсон түүний талаар онцолж байна. Хүмүүс Жан Линхэг зөвхөн амжилттай уран бүтээлүүдээр нь бус, мөн хүн чанараар нь ч шагшин магтдаг ажээ.

Инженер болох мөрөөдлөөс дэлгэцийн од хүртэл

Жан Линхэ 1997 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНХАУ-ын Жянсу мужийн Үши хотод төржээ. Бага наснаасаа математик, физикийн хичээлд авьяастай байсан тэрбээр их сургуульд цахилгааны инженерийн чиглэлээр суралцаж байсан аж.

Түүний ирээдүй инженерийн салбартай холбогдохоор харагдаж байсан ч амьдрал өөр төлөвлөгөө бэлдсэн байжээ. Их сургуулийн жилүүдэд найзуудынхаа зөвлөснөөр загварын агентлагт бүртгүүлсэн нь урлагийн ертөнцөд хөл тавих эхлэл нь болсон байна. Камерын өмнөх төрөлхийн мэдрэмж, тайван бөгөөд өөртөө итгэлтэй төрх нь удалгүй продюсеруудын анхаарлыг татаж, жүжигчний замнал руу хөтөлжээ.

Хэдхэн жилийн дараа тэрбээр Хятадын кино, телевизийн салбарын хамгийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэгээр нэрлэгдэх болсон юм.

Амжилтын зам нээсэн дүрүүд

Жан Линхэгийн нэрийг олон улсын үзэгчдэд таниулсан бүтээлүүдийн нэг нь "Love Between Fairy and Devil" байжээ. Энэхүү цуврал Азийн олон оронд өндөр үнэлгээ авч, түүний карьерын хамгийн том эргэлтийн цэг болсон байна.

Үүний дараа тэрбээр "Story of Kunning Palace", "The Princess Royal", мөн "Pursuit of Jade" зэрэг бүтээлүүдэд гол дүр бүтээж, шинэ үеийн хамгийн нөлөө бүхий жүжигчдийн эгнээнд багтах болжээ.

Түүний амжилтын нууц зөвхөн гадаад төрхөд оршдоггүй аж. Хамтран ажиллагчид нь түүнийг ажилдаа хариуцлагатай, даруу төлөв, бусдыг хүндэтгэдэг зан чанартай гэж тодорхойлдог байна. Шүтэн бишрэгчид нь ч түүнийг зөвхөн дүрүүдээр нь биш, бодит амьдрал дахь төлөвшлөөр нь үнэлдэг ажээ.

Наньнин хотод болсон үйл явдал

Саяхан Хятадын Наньнин хотод болсон нэгэн сурталчилгааны арга хэмжээ Жан Линхэгийн нэрийг дахин олны анхаарлын төвд авчирчээ. Тэрбээр нэгэн нүдний шилний брэндийн арга хэмжээнд оролцох байсан бөгөөд түүнийг харахаар олон мянган шүтэн бишрэгч худалдааны төвд цугларсан байсан аж.

Хүний хэт бөөгнөрөл үүссэний улмаас шилэн хаалга хагарч, таван хүн хөнгөн гэмтжээ. Улмаар аюулгүй байдлын үүднээс арга хэмжээг цуцалж, цахим хэлбэрээр үргэлжлүүлсэн байна.

Ийм нөхцөл байдалд алдартнуудын ихэнх нь харамсаж буйгаа илэрхийлээд өнгөрөх нь бий. Харин энэ удаа хүмүүсийн анхаарлыг татсан зүйл нь осол бус, харин түүнд хандсан Жан Линхэ болон түүний багийн хариуцлагатай байр суурь байжээ.

Шүтэн бишрэгчдээ хүндэлсэн шийдвэр


Үйл явдлын дараа Жан Линхэгийн студи албан ёсны мэдэгдэл гаргаж, зөвхөн түүнийг харахаар Наньнин хотод ирсэн шүтэн бишрэгчдийн аялалтай холбоотой зардлыг нөхөн төлөхөө зарлажээ. Үүнд: онгоцны тасалбар, хурдны галт тэрэгний зардал, зочид буудлын төлбөр, орон нутгийн тээврийн зардал багтаж байгаа аж.

Мөн арга хэмжээг зохион байгуулсан компани болон худалдааны төвөөс гэмтсэн хүмүүст шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж буйгаа мэдэгдсэн байна. Цахим орчинд үүний дараа нэгэн ижил өнгө аястай сэтгэгдлүүд хөвөрч эхэлжээ.

“Од хүн олон байдаг. Харин хүн чанартай од ховор”

Мэдээж нийгмийн сүлжээгээр тархсан зарим мэдээлэлд дурдсан шиг бүх эмчилгээний төлбөр болон бүх хохирлыг Жан Линхэ хувиасаа бүрэн барагдуулсан гэх мэдээлэл одоогийн байдлаар албан ёсоор батлагдаагүй ч шүтэн бишрэгчдийнхээ цаг хугацаа, зардлыг үнэлж, хариуцлага хүлээсэн нь олон нийтийн талархлыг хүлээжээ.

Алдар нэрээс илүү үнэ цэнтэй зүйл

Өнөөдөр алдар нэр бол хэмжиж болох зүйл. Дагагчдын тоо, үзэлтийн статистик, орлого, гэрээний үнэ цэнээр хэмжигдэнэ. Харин хүний үнэ цэнийг тоогоор хэмжих боломжгүй.

Жан Линхэ магадгүй хамгийн өндөр орлоготой жүжигчин биш. Хамгийн олон шагналын эзэн ч биш байж болно. Гэвч түүний нэрийг хүмүүс зөвхөн амжилттай бүтээлүүдтэй нь холбон дурсахгүй нь лавтай. Учир нь, үзэгчид эцэстээ дүрээс илүү хүнийг санаж үлддэг.

Дэлгэцэн дээрх дүр бүтээх авьяас жүжигчнийг алдартай болгодог бол дэлгэцийн гаднах хүн чанар нь хүмүүсийн сэтгэлд үлддэг. Тиймдээ ч Жан Линхэ өнөөдөр зөвхөн амжилттай жүжигчин биш, харин нэр хүндээ хариуцлага, хүнлэг зан чанартай хамт авч явж буй шинэ үеийн оддын төлөөлөл болон үнэлэгдэж байна.

Магадгүй ирээдүйд түүний нэр олон хит кино, алдартай дүрүүдийн хамт дурсах бол зарим хүн түүнийг өөрөөр санах биз ээ. Тэр алдартай байсандаа бус, хүн хэвээр үлдэж чадсандаа хүмүүсийн хайрыг татсан байна. 

Эх сурвалж: REDDIT, FAN CHINA