Ардчилсан намын 4/11 уулзалт өнөөдөр (2026.06.11) боллоо. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, эрх баригчдаас Засгийн газрын хариуцлагын асуудлыг тодорхой болгохыг шаардав.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн даваа гаргаас эхлэн Ардчилсан намын бүлгийн зүгээс эрх баригч намд шаардлага хүргүүлж, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь илэрхийлж ирсэн.

Засгийн газар хариуцлага хүлээх хэд хэдэн шалтгаан бий. Бид Ерөнхий сайдад Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох санал хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь гэж ойлгож байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах саналыг гишүүдээс гаргаж байна.

Авлига, хулгайтай холбоотой асуудлууд тодорхойгүй хэвээр байгааг шүүмжилж, эрх баригч намын амлалт бодит ажил хэрэг болж чадахгүй байна. Авлигатай тэмцэнэ гэсэн нь хоосон амлалт болж хувирах ёсгүй. Иргэдийн амьдрал доройтож, эдийн засаг хүндэрч байна. Ийм нөхцөлд бид хамтарсан Засгийн газарт оролцохыг дэмжихгүй” хэмээн мэдэгдэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд орон нутагт ажиллах үеэр иргэдийн бухимдал нэмэгдсэн талаар онцолж, амьжиргааны өртөг огцом өссөн, авлига, хулгайн асуудалд хариуцлага тооцохгүй байгааг шүүмжиллээ.

Тэрбээр “Төвийн бүсээр явахад иргэд маш их ууртай байна. Хулгай, луйвартай хэн тэмцэх нь тодорхойгүй байна гэж ярьж, асууж байна. Нэг талдаа улс мөнгөгүй мэт боловч нөгөө талдаа албан тушаалтнуудын үрэлгэн байдал үргэлжилж байна.

Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өссөн бөгөөд махны үнэ нэмэгдсэн нь малын хулгай өсөхөд нөлөөлсөн гэж үзэж байна.

Арван жилийн өмнө 26 мянган төгрөгөөр дөрвөн килограмм мах авдаг байсан бол өнөөдөр нэг килограмм ч хүрэхгүй хэмжээнд очсон. Үнийн өсөлт иргэдийн амьдралд шууд дарамт болж байна.

Засгийн газрыг авлига, хулгайтай тууштай тэмцэхийг шаардаж, хариуцлагагүй албан тушаалтнуудад арга хэмжээ авах ёстой.

Ард түмнээсээ тасарсан бодлого явуулж болохгүй. Авлига, хулгай хийсэн дарга нараа чөлөөлж байж бодит өөрчлөлт гарна. Бид энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.