Нэг дор хэдэн зуун уран нугараач тайзнаа нэгэн зэрэг үзүүлбэр толилуулах ховор боломж Монгол Улсаас өөр оронд тэр бүр тохиодоггүй. Хүний биеийн уян хатан чанар, гоо зүйн төгс илэрхийлэл болсон уран нугаралтын урлаг нь үзэгчдийн сэтгэл зүйд гүн сэтгэгдэл төрүүлж, уран сайхны өвөрмөц мэдрэмж бий болгодгоороо онцлог юм.
Энэхүү урлагийг олон улсад сурталчлах, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой “УЯН” Монголын уран нугаралтын олон улсын чуулга уулзалт энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Монголын уран нугаралтын чуулга уулзалтын санаачлагч нь АНУ-ын Лас Вегас хотод ажиллаж, амьдардаг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир ерөнхий зохион байгуулагчаар удирдан явуулж байна.
Өмнөх жилүүдэд тус чуулга уулзалт олон улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2023 онд АНУ-ын Лас Вегас хотод, 2024 онд Улаанбаатар хотод, 2025 онд АНУ-ын Миннесота мужид тус тус болж, нийт 1000 гаруй уран бүтээлч, суралцагчдыг хамруулж байжээ.
Дэлхийн уран нугаралтын төв болох зорилт
“Монголын уран нугаралтын чуулга уулзалт 2026” Монголын язгуур урлагийн өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, мөн Монгол Улсыг уран нугаралтын дэлхийн төв болгон хөгжүүлэх зорилгыг агуулж байна.
Энэ удаагийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид, багш нар, суралцагчид оролцож, уран нугаралтын түүхэн хөгжил болон өнөөгийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна эрдэм шинжилгээний илтгэл, уралдаан, баримтат киноны үзвэр, сургалт, воркшоп болон гала тоглолтыг гурван өдрийн турш цогцоор нь зохион байгуулах юм.
“Уян хатан байдал ба соёлын өвийг хослуулсан урлаг”
Зохион байгуулагчдын хэлснээр, Монголын циркийн урлагийн онцлох төрөл болсон уран нугаралт нь биеийн уян хатан байдал, уран сайхны илэрхийлэл, өндөр түвшний техник ур чадварыг хослуулсан өвөрмөц урлаг юм. Иймээс Монголын уран нугараачид “Монголын уран нугаралт” хэмээх нэр хүндийг дэлхийн тайзнаа баттай тогтоож чаджээ.
Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир энэ талаар “Монголын уран нугаралтын сургалтын онцлог нь уян хатан байдал, хүч чадал, тэсвэрийг шат дараалсан аргачлалаар хөгжүүлж, үндэсний гоо зүй, соёлын мэдрэмжийг үзүүлбэрт шингээдэгт оршдог. Өдгөө энэ урлаг зөвхөн мэргэжлийн түвшинд бус, бүх насныханд зориулсан биеийн хөгжил, эрүүл мэндийн чухал дасгал хөдөлгөөн болон түгэн дэлгэрч байна” гэж онцоллоо.
Тэрбээр мөн энэхүү урлагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө, урам зориг түгээхийг зорьдог бөгөөд цаашид “УЯН” чуулга уулзалтыг олон улсын хамтын ажиллагааны платформ болгон өргөжүүлэх зорилготойг дурдсан юм.
Судалгаа ба уламжлалын тухай байр суурь
Чуулга уулзалтыг санаачлагч, гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэгийн хэлснээр, уян хатан чанар нь тодорхой бүс нутгийн хүн амд илүү ажиглагддаг талаар судалгаанд дурдагддаг бөгөөд Монголын уран нугараачид олон жилийн туршлагын үр дүнд онцгой тэсвэр, уян налархай чанараа хадгалж иржээ.
Тэрбээр уран нугаралтыг зөвхөн тайзны урлаг бус, Монголын соёлын өв, дэлхийн хэмжээнд танигдах өвөрмөц үнэт зүйл хэмээн онцолсон байна.