Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ долоо хоногт хийсэн дээд хэмжээний уулзалтын албан мэдэгдлүүдэд Пёньяныг цөмийн зэвсгээс ангижруулах тухай огт дурдсангүй. Энэ нь Хятад улс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэхээс илүү АНУ-ын бүс нутгийн нөлөөг сөрөхөд илүү анхаарч буйг харуулж байна гэж шинжээчид мягмар гарагт мэдэгдэв.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар даваа гарагт Пёньянд уулзсан нь хоёр улсын стратегийн уялдаа холбоо улам гүнзгийрч, худалдаа, аюулгүй байдал болон бусад салбарт эрчимжиж буй Хятад-АНУ-ын өрсөлдөөний нөхцөлд тэдний эв нэгдэл нэмэгдэж байгааг харуулсан гэж онцлов.

Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа Хойд Солонгост айлчилсан нь Бээжин, Пёньяны харилцааг бэхжүүлэх оролдлогын нэг хэсэг бөгөөд Хойд Солонгос Орос улстай цэргийн, дипломат болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлснээр Хятадын нөлөөнд илүү автаж болзошгүй нөхцөл байдалд байгаатай холбоотой гэж үзэж байна.

Хадсон институтийн Ази-Номхон далайн аюулгүй байдлын төвийн дарга Патрик Кронин “Хятад улс Хойд Солонгосын цөмийн зэвсгийг зогсоохоос илүү АНУ-ын нөлөөг хязгаарлахад илүү анхаарч байна” гэж Yonhap агентлагт цахим шуудангаар мэдэгджээ.

Тэрбээр мөн “Ким тактикийн ялалтад анхаардаг. Том гүрнүүд цөмийн зэвсгээс ангижруулах тухай дурдалгүй өнгөрөх бүрт Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрөх дохио өгч байна гэж тэр ойлгодог” хэмээн нэмж хэлсэн байна.

Brookings Institution-ийн Зүүн Азийн бодлогын төвийн SK-Korea сангийн профессор Эндрю Ёо хэлэхдээ, энэхүү уулзалтын мэдэгдэлд цөмийн зэвсгээс ангижруулах тухай огт дурдагдаагүй нь Хятадын хувьд энэ асуудал өмнөх шигээ тэргүүлэх чиглэл байхаа больсныг харуулж байна гэжээ.

Ши Жиньпин өнгөрсөн сард Бээжинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа АНУ-ын тал Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах “нийтлэг зорилго”-той гэдгийг мэдэгдсэн ч хоёр улсын төрийн хэвлэлүүдэд энэ талаар ямар ч мэдээлэл гараагүй нь Бээжингийн байр суурь өөрчлөгдсөн эсэх талаар эргэлзээ төрүүлж буй юм.

2019 онд Ши Жиньпин Пёньянд хийх айлчлалынхаа үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах Хятадын дэмжлэгийг илэрхийлж байсан. Өмнө нь Хятад улс энэ бодлогыг ил тод дэмждэг байсан нь Хойд Солонгосын цөмийн үйл ажиллагаа АНУ-ын гол холбоотон болох Өмнөд Солонгос, Япон улсуудыг цөмийн зэвсэглэл рүү түлхэж болзошгүй гэж үздэгтэй холбоотой байв.

Korea Economic Institute of America (KEI)-ийн судалгааны захирал Эллен Ким "Гэвч 2024 оноос эхлэн Хятадын энэ байр суурь тодорхойгүй болж эхэлсэн нь бүс нутаг дахь стратегийн ашиг сонирхлоо хамгаалах шинэ чиглэлтэй холбоотой" гэж тайлбарлажээ.

Эдгээр хүчин зүйлд Хойд Солонгостой хэт хурц харилцаа үүсгэхээс зайлсхийх, мөн Пёньян-Москвагийн харилцаа ойртох нь Хятадын нөлөөг сулруулж болзошгүй гэсэн болгоомжлол зэрэг багтаж байна. Кронин хэлэхдээ, энэхүү уулзалт нь Хятадын гол мессэж болох “эв нэгдэл”-ийг илэрхийлсэн явдал гэжээ.

Тэр “Эв нэгдэл бол гол мессэж. Энэ хамтарсан фронт АНУ болон түүний холбоотнуудыг сөрөх далд чадавхтай” гэж онцолсон байна. Түүний хэлснээр, хоёр улсын эв нэгдэл зарим ялгаатай сонирхлыг далдалж байгаа ч тэд Зүүн Хойд Азид илүү “таатай хүчний тэнцвэр”-ийг бий болгохыг зорьж байгаа аж.

KEI-ийн Эллен Ким мөн энэ уулзалтыг Хятад улс Пёньяны нөлөөг дахин бэхжүүлэх, мөн Хойд Солонгос ба Оростой стратегийн уялдаа холбоогоо нэмэгдүүлэх, АНУ болон Японы дарамтыг тэнцвэржүүлэх оролдлогын нэг хэсэг гэж үзжээ.

Кронин "Хойд Солонгосын удирдагчийн хувьд энэ уулзалт түүний дэглэмийг цөмийн гүрэн гэдгээр нь баталгаажуулах зорилготой байсан гэж тайлбарлав. KEI-ийн судлаач ч мөн адил байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр “Ким Хятадаас Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн бөгөөд Хятад улс цөмийн асуудлыг дурдаагүй нь энэ хүлээн зөвшөөрөлтийн хэлбэр болж байна” гэжээ.

Тэр мөн Хятадын энэ чимээгүй байдаль Өмнөд Солонгосыг Хятадыг стратегийн түншийн хувьд дахин үнэлэхэд хүргэнэ гэж онцолсон. Ёо хэлэхдээ, Кимийн хувьд энэ уулзалт Хойд Солонгос бүс нутгийн харилцаанд улам чухал тоглогч болсныг харуулсан гэжээ. Тэр “Энэ дэглэм өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү аюулгүй, дипломат итгэлтэй байр сууринаас уулзалтад оролцсон” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр “Ши Жиньпиний энэ айлчлал 2026 оны түүний анхны гадаад айлчлал бөгөөд Пёньяны Зүүн Хойд Азид өсөн нэмэгдэж буй стратегийн ач холбогдлыг харуулж, Кимийг Хятад болон Орос хоёрын аль алиных нь анхаарлыг татсан удирдагч болгон бататгаж байна” гэжээ.

АНУ-аас БНСУ-д түр суух өмнөх элчин сайд Роб Рэпсон энэ уулзалтыг Зүүн Хойд Азийн геополитик ба эдийн засгийн хувьслын нэгэн “чухал өгөгдлийн цэг” гэж тодорхойлжээ.

Тэр “Энэ жил бүс нутагт дээд хэмжээний уулзалтууд их болсон. Ши Пёньянд, Хойд Солонгос Бээжинд чухал гэдгийг сануулсан. Ким ч үүнийг хариу болгож баталгаажуулсан” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр "Ши Жиньпин уулзалтын үеэр цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хөндөөгүй бололтой" гэж дүгнээд, "АНУ-Хойд Солонгосын ирээдүйн яриа хэлэлцээний хувьд энэ асуудлыг “зөөлрүүлэн зохицуулах” шаардлагатай" хэмээн онцолсон байна.

Тэр “Шигийн тусламжтай ч, тусламжгүй ч Трамп Кимтэй дахин уулзах оролдлого хийх магадлалтай” гэж тэр хэлсэн бөгөөд энэ нь улс төрийн өв үлдээх зорилготой байж магадгүй" гэжээ.

Гэвч тэр хугацаа болон боломж хязгаарлагдмал байгааг нэмж анхааруулсан байна. Учир нь, Трампын одоогийн бүрэн эрх 2029 оны нэгдүгээр сард дуусах бөгөөд дотоод болон гадаад бодлогын олон сорилттой тулгарч байгаа аж.

Харин Пёньян Оростой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэнтэй холбоотойгоор Вашингтонтой яриа хэлэлцээг дахин эхлүүлэх сонирхол бага байна гэж онцолжээ.

Эх сурвалж: YONHAP