УИХ дахь Монгол ардын намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хүүхэд бүрийг хөгжлийн үйл явцад тэгш хамруулах олон эерэг харилцааг зохицуулсан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа ажээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026.05.05-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнө болон Ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерөнхий чиг үүргийг тусгасан хэдий ч хэрэгжилтийг хангах механизм дутмаг, тодорхойгүй байна гэж төсөл санаачлагчид үзсэн талаараа мэдээлсэн.
Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, нас насанд нь тохирсон үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш хамруулах, хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулгадаа онцолж байв.