Монголын тал нутгийн салхи исгэрэн өнгөрөхөд түүний аялгуунд нэгэн танил эгшиг шингэсэн мэт санагддаг. Тэр бол үеийн үед монголчуудын сэтгэлд амьдарч ирсэн уртын дууны уянга юм. Хөх тэнгэрийн дор, хээр талын уудамд төрж, нүүдэлчин ардын ахуй амьдралаас урган гарсан энэ гайхамшигт урлагийг өнөө цагт залуу үед өвлүүлэн түгээж яваа уран бүтээлчдийн нэг нь “Улаанбаатар” театрын гоцлол дуучин О.Анхчимэг билээ.
Тэрбээр зургадугаар сарын 12-нд “Корпорэйт” зочид буудлын концертын их танхимд анхны бие даасан “Уяхан замбуу тивийн наран” тоглолтоо хийх гэж байна. “Өв соёлоо түгээн дэлгэрүүлж, магтан дуулъя” гэсэн эрхэм уриан дор зохион байгуулагдах энэхүү тоглолт зөвхөн нэг дуучны тайлан тоглолт бус, монгол уртын дууны үнэ цэн, монгол хүний оюуны өвийг алдаршуулсан соёлын томоохон үйл явдал болохоороо онцлогтой.
Тоглолт дөхөх тусам догдлол нь нэмэгдэж буй тэрбээр цахим хуудастаа “Тоглолт минь дөхөх тусам улам их догдолж байна. Бэлтгэл ажил ч улам нэмэгддэг юм байна. Нэг мэдэхэд л цөөхөн хоног үлджээ. Үзэгчдэдээ сайхан тоглолт хүргэхийн тулд өдөр бүр бэлтгэл хийж байна. Та бүхэн минь ‘Уяхан замбуу тивийн наран’ тоглолтыг минь үзээрэй. Өв соёлоо түгээн дэлгэрүүлж, магтан дуулъя” гэж бичжээ.
Энэ хэдхэн өгүүлбэрээс түүний уран бүтээлдээ хандах сэтгэл, үзэгчдээ хүндэтгэх хүндлэл, өв соёлоо түгээх хүсэл мөрөөдөл тодхон мэдрэгдэнэ.
Нүүдэлчдийн амьдралаас ургасан уртын дууны өв
Монгол ардын уртын дуу бол зөвхөн дуу биш. Энэ бол монголчуудын сэтгэлгээ, амьдралын философи, байгальтайгаа харилцах харилцаа, ахуй соёлын илэрхийлэл юм.
Өргөн уудам тал нутгийн чөлөөт орон зай, морин дэл дээрх нүүдэлчин амьдрал, алсыг ширтэх монгол хүний ухаарал бүгд уртын дууны айзамд шингэсэн байдаг. Тиймдээ ч дэлхий нийт энэ урлагийг дахин давтагдашгүй өв хэмээн үнэлж, 2005 онд ЮНЕСКО хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэсэн билээ.
Уртын дууны гайхамшиг уртад бус, харин нэгэн үеийг хэдэн хормоор сунган, нэгэн үгийг хэдэн амьсгаагаар амилуулж чаддагт оршино. Амьсгаа, шуранхай, нугалаа, айзам хэмнэл нь энэ урлагийн амин сүнс юм.
О.Анхчимэг ч уртын дууны мөн чанарыг “амьсгааны урлаг” хэмээн тодорхойлдог. Түүний хувьд уртын дуу бол зүгээр нэг дуулах ур чадвар биш, харин сэтгэл, ухаан, тэсвэр, амьсгалын нэгдэл юм.
Багшийн итгэл даасан шавь
О.Анхчимэгийн урлагийн замналын тухай ярихад Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт уртын дуучин Шарын Чимэдцэеэгийн үнэлгээг дурдалгүй өнгөрөх аргагүй.
Дуучин бүсгүй багшдаа хандан “Амьдрал, уран бүтээлд минь үргэлж зааж чиглүүлж, дэмжиж байдагт тань талархъя. Ийм л мундаг хүний шавь гэдгээрээ үргэлж бахархаж явдаг шүү. Хайртай шүү, багш аа” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн байдаг.
Харин багш нь шавийнхаа тухай "Би шавь нараа магтаад байдаггүй. Гэхдээ манай Анхчимэг цохилго, өнгө тембрийн хувьд ер нь нэлээн аварга маягийн дуучин болох нь ээ гэж ойлгодог. Одоо манай Анхчимэгийн хувьд тэр жийрхэх үе ард үлдсэн байна. Сайхан уран бүтээлдээ орж, чиглэж, зориг зүрхтэй, залуу хүний эрчээр дайрч байгааг нь харахад хол явах шинжтэй байгаа” хэмээн өгүүлэв.
Энэ бол багшийн магтаал гэхээсээ илүү ирээдүйн уртын дууны томоохон төлөөлөгчид өгч буй үнэлгээ юм.
Алдарт Норовбанзадын эгшгийг санагдуулам хоолой
О.Анхчимэгийг сонссон хүн бүр түүний хоолойн өнгө, уянга, шуранхайд нь татагддаг. Түүний анхны хөгжмийн багш Мөнхсайхан Пүрэв “Би өөрөө Норовбанзад гуайг амьд ахуйд нь сонсож байсан хүн. Тэр хүний хоолой одоо хүртэл миний чихэнд сонсогддог. Харин Анхчимэг ‘Уяхан замбуу тивийн наран’-г дуулж гарч ирэхэд би үнэхээр их баярласан. Үнэхээр гоё дуулсан” хэмээн бахархалтайгаар ярьсан юм.
МУАЖ, дуучин Самъяагийн Ганзориг “Анхаа маань сүүлийн үеийн эмэгтэй уртын дуучдын толгой дуучдын нэг. Ажлын тоглолт дээр ‘Уяхан замбуу тивийн наран’-г дуулахад нь заавал ард нь зогсож сонсмоор санагддаг. Норовбанзад гуайн араас нэлээн дөхсөн, нэхэж яваа дуучин гэж би ойлгодог” хэмээн үнэлсэн билээ.
Уртын дууны ертөнцөд Норовбанзадын нэртэй зэргэцүүлэн дурдана гэдэг хэн бүхэнд олдох хувь биш. Энэ бол түүний ур чадвар, хоолойн чансааг илтгэх том үнэлгээ юм.
Өөрийн өнгөтэй дуучин
Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров ч мөн Анхчимэгийг уртын дууны салбарын онцгой өнгө төрхтэй дуучин гэж тодорхойлно лээ.
Тэрбээр “Хөгжмийн мэргэжилтнүүдийн анхаарлыг нэлээн татаж байгаа дуучин бол Анхчимэг. Уртын дууны салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй, хошуучлагч маягийн дуучин байж болох юм гэсэн ойлголттой явдаг. Эгшиглэгээ, амьсгаа, хүчний хувьд өндөр түвшний чадвартай дуучин” хэмээн дүгнэсэн нь бий.
Түүнчлэн тэрбээр буриад дууг сурталчилж буй Анхчимэгийн үйлсийг өндрөөр үнэлэн “Бид өнөөдөр халх чиглэлийн дуулаачийн соёл дээр илүү төвлөрчихсөн байна. Харин ойрад, дарьганга, буриад аялгууг олон нийтэд хүргэх нь дутмаг байдаг. Анхчимэг энэ удаа буриад дуугаараа дагнан, үзэгчдэд хүргэж байгаа нь маш сайшаалтай хэрэг” гэсэн юм.
Урлагийн гэр болсон “Улаанбаатар” театр

О.Анхчимэгийн хувьд урлагийн замнал нь “Улаанбаатар” театртай салшгүй холбоотой. Тэрбээр театрынхаа тухай “Ажлын, уран бүтээлийн анхны минь гараа эндээс эхэлсэн. Төрсөн гэрээс минь өөрцгүй халуун дулаан, дотно газар. Энэ байгууллагаар овоглож явдаг үе үеийн болон одоо байгаа уран бүтээлчдээрээ үргэлж бахархаж, хайрлаж явдаг шүү. Тоглолтод минь бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох хамт олондоо хайртай шүү” хэмээн бичжээ.
Энэ бол зөвхөн нэг байгууллагын тухай бус, уран бүтээлч хүний төлөвшил, замнал, нөхөрлөл, хамтын хөдөлмөрийн үнэ цэнийг өгүүлсэн үгс юм.
Уртын дууны ирээдүй болсон хоолой
Уртын дуу бол зөвхөн тайзан дээр эгшиглэх урлаг биш. Энэ бол үндэстний дархлаа, соёлын мөн чанар, өвөг дээдсийн оюун санааны өв юм. Тэр өвийг шинэ цагийн үзэгчдэд хүргэхээр сэтгэлээ зориулж яваа дуучин бол О.Анхчимэг.
Түүний хоолойд тал нутгийн салхи шингэж, шуранхайнаас нь монгол хүний уужуу сэтгэл цуурайтдаг авай. Түүний дуунд өвгөдийн үлдээсэн үнэт өв амьдарч байдаг.
Тиймээс “Уяхан замбуу тивийн наран” тоглолт бол нэгэн дуучны уран бүтээлийн тайлан биш. Харин уртын дуугаар дамжуулан өв соёлоо магтан дуулж, монгол түмний сэтгэлийг нэгэн эгшигт уях урлагийн их баяр буюу. ✨