УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2026.05.04) ээлжит хуралдаанаараа бүлгийн даргаа сонгох ёстой байсан ч уг асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Тус асуудлаар Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэхдээ намын дарга болон бүлгийн даргын албыг тусад нь хаших нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлэв.
Гэвч бүлгийн гишүүдийн олонх түүнийг хоёуланг нь давхар хариуцахыг дэмжиж, санал хураалтын дүнд бүлгийн даргыг сонгох асуудлыг түр хойшлуулж, одоогийн байдлаар бүлгээ удирдан ажиллахыг хүсжээ.
Тус намын бүлгийн даргын албан тушаалд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон Б.Түвшин нарын нэр яригдаж байгаа бөгөөд эдгээр хоёр нэр дэвшигчийн туршлага, мэргэжлийн ялгаа анхаарал татаж буй юм.
Х.Тэмүүжингийн хувьд парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй, эрх зүйч мэргэжилтэй, хууль тогтоох болон төрийн албанд ажилласан арвин туршлагатай улс төрч юм. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, хууль боловсруулах, бодлого тодорхойлох түвшинд идэвхтэй оролцож ирсэн.
Б.Түвшингийн хувьд анх удаа УИХ-д сонгогдсон ч эдийн засаг, санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай. Тэрбээр Худалдаа хөгжлийн банкнаас ажлын гараагаа эхэлж, “АПУ” ХК-д Санхүү хариуцсан захирал, “Миг даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага зэрэг албан тушаал хашиж байсан, бизнес, санхүүгийн менежментийн чиглэлээр мэргэшсэн улс төрч юм.
УИХ дахь АН-ын бүлгийн даргын сонголт нь зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал биш, Ардчилсан намын цаашдын улс төрийн байр суурь, ялангуяа 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуульд үзүүлэх нөлөөтэй гэж үзэж байна.
Иймээс бүлгийн гишүүд туршлага, хууль санаачлах чадвар, манлайлал, мөн 42 гишүүнтэй бүлгийг нэг чигт зангидаж, эрх баригч хүчинтэй бодлогын түвшинд өрсөлдөх чадамжтай удирдагчийг сонгох шаардлагыг онцолж байгаа юм.
Мөн Ардчилсан намын дүрмийн дагуу намын дарга нь бүлгийн даргад нэр дэвшигчийг санал болгох зохицуулалттай бөгөөд энэ удаа асуудлыг хойшлуулсан нь дотоод фракцууд тохиролцоонд хүрээгүйтэй холбоотой, эсвэл намын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоотой уялдуулсан улс төрийн тактик байж болзошгүй гэсэн таамаг ч гарч байна.