МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг батламжилсан. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, түүнийг НИТХ-ын даргаар албан ёсоор сонгосон билээ. Үүнээс өмнө НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн эхээр мөн ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг хууль бус хэмээн мэдэгдэж байсан А.Баяр албан тушаалаа Д.Ихбаярт албан ёсоор хүлээлгэн өгч буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Намын бодлого, даалгаврын дагуу журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэжээ.

Мөн тэрбээр “Хулгайч нар гэж хулгай хийсэн хүнийг хэлэхээс биш ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлдэггүй. Цаашид журмын нөхөдтэйгөө хамтран нийслэлийн иргэдийн төлөө олон ажил хэрэгжүүлнэ” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр энэ хугацаанд хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлж, "Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч “мега хулгай” хийж, ард иргэдийг хохироох ёсгүй" гэж онцолжээ. Тэрбээр цаашид НИТХ-ын төлөөлөгчийн хувиар байр сууриа илэрхийлж, үгээ хэлсээр байх болно гэж мэдэгдсэн байна.