АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) зургадугаар сарын 6-ны бямба гарагт "Ормузын хоолой чиглэлд харвасан Ираны дөрвөн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгасан" гэж мэдэгджээ. Командлалын мэдээлснээр, эдгээр нисгэгчгүй төхөөрөмжүүд нь бүс нутгийн далайн тээвэрлэлтэд “шууд аюул занал учруулж байсан” аж.
Ираны эргийн радарын станцуудад цохилт өгсөн тухай
Үүний дараа АНУ-ын цэргийн хүчнүүд Ормузын хоолойн ойролцоох Гурук болон Кешм арал дахь Ираны эргийн радарын станцууд руу цохилт өгсөн байна. CENTCOM мэдэгдэлдээ энэ ажиллагааг “цаашдын халдлагаас сэргийлэх зорилготой” гэж тайлбарлажээ.
Мөн “АНУ-ын цэргүүд сэрэмжтэй байж, үндэслэлгүй түрэмгийллээс өөрийгөө хамгаалах зорилгоор хариу арга хэмжээ авахад бэлэн байна” гэж онцолсон байна.
Кувейтэд шинэ халдлага бүртгэгдэв
Энэ хооронд Кувейт улс нутаг дэвсгэрт нь “дайсагнасан” шинэ халдлагууд гарсан талаар мэдээлжээ. AFP агентлагийн дамжуулснаар, Кувейтийн арми мэдэгдэлдээ “Одоогийн байдлаар агаарын довтолгооноос хамгаалах системүүд дайсны пуужин болон дроны халдлагад хариу үзүүлж байна” гэж дурдсан байна.
Мөн “Сонсогдож буй дэлбэрэлтүүд нь агаарын довтолгооноос хамгаалах системүүд халдлагыг саармагжуулж байгаатай холбоотой” гэж тайлбарласан байна.
Персийн булан дахь АНУ-Ираны сөргөлдөөн
Сүүлийн өдрүүдэд АНУ болон Ираны хооронд Персийн буланд хамгийн томоохон зэвсэгт мөргөлдөөнүүдийн нэг өрнөсөн гэж мэдээлж байна. Ираны Исламын хувьсгалт хамгаалагчды корпус (ИХХК) зургадугаар сарын 3-ны шөнө "Кувейт болон Бахрейн зэрэг Персийн булангийн хөрш орнууд руу баллистик пуужин болон дрон илгээсэн. Тэдгээр нь бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилсон" гэж мэдэгджээ.
АНУ-ын тал Ираны Кешм арал дахь цэргийн объектод цохилт өгч, мөн хэд хэдэн баллистик пуужин, дроныг амжилттай устгаснаа мэдэгдсэн байна. Түүнчлэн ИХХК-ын Бахрейн дахь тэнгисийн цэргийн бааз руу цохилт өгсөн гэх мэдэгдлийг няцаажээ.
Хурцадмал байдал нэмэгдсээр байна
Хэдийгээр талуудын хооронд гал зогсоох тохиролцоо бий болсон ч сүүлийн халдлагууд нь мөргөлдөөн дахин хурцдах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ажиглагчид онцолж байна.
Ормузын хоолой дэлхийн газрын тос, шингэрүүлсэн хий, бордооны тээвэрлэлт дамждаг стратегийн чухал гарц бөгөөд энэ бүсийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг.
Мөн Вашингтонд Израиль болон Ливаны төлөөлөгчдийн хоорондын улс төрийн хэлэлцээ дахин эхлэх төлөвтэй ч "Хезболла" хөдөлгөөн Израильтай хэлэлцээ хийхээс татгалзаж, Ливаны засгийн газар мөргөлдөөний шууд тал биш хэвээр байгаа аж.
Эх сурвалж: DW, PRAVDA