Өнөөдөр буюу 2026 оны зургадугаар сарын 6-нд “Монголын Чопперчин Ахан Дүүс” НҮТББ-аас зохион байгуулдаг “Талын салхи (Steppe Wind)” олон улсын мото фестиваль Улаанбаатар хотод албан ёсоор эхэлж, хоёр өдрийн турш үргэлжлэх томоохон арга хэмжээ эхэллээ.

Фестивалийн өглөөний хөтөлбөр Сүхбаатарын талбайд мотоциклчдын цугларалтаар эхэлж, морин хуурын аялгуу дор аялал жуулчлалын мэндчилгээ, бүжгийн үзүүлбэрүүд толилуулсны дараа албан ёсны нээлтийн ёслол болж, олон зуун мотоциклчдын парад нийслэлийн төв замуудаар цуваа хөдөллөө.

Парадын дараа оролцогчид Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Говь ресорт” спорт цогцолборт хүрч, фестивалийн үндсэн хөтөлбөр үргэлжилж буй. Энд мото ур чадварын тэмцээнүүд, тайзны тоглолт, спорт болон соёлын олон төрлийн арга хэмжээнүүд эхэлнэ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр өнөөдрийн үндсэн хэсэгт:

  • Moto Skill Challenge ур чадварын тэмцээн
  • этник болон рок, амьд хөгжмийн тоглолтууд
  • багийн спорт, хөгжилтэй тэмцээнүүд
  • Miss Models Awards болон соёлын арга хэмжээнүүд зэрэг хөтөлбөрүүд өдөржин үргэлжлэх юм.

Оройн хэсэгт DJ болон амьд хөгжмийн томоохон шоу хөтөлбөрүүд үргэлжилж, рок болон хип хоп уран бүтээлчдийн тоглолтууд, гэрэл лазер шоу, хаалтын сетээр эхний өдрийн арга хэмжээ өндөрлөхөөр төлөвлөгджээ.

Фестивалийн хоёр дахь өдөр буюу зургадугаар сарын 7-нд мото уралдаан, “Slow Ride”, “Iron Fist” зэрэг сорилтууд болон шилдэг кастом мото шалгаруулалт, шагнал гардуулах ёслолууд үргэлжлэх бөгөөд арга хэмжээний төгсгөлд дараагийн жилийн бүртгэл, уриалга бүхий хаалтын хэсэг явагдана.

Өмнөх жилүүдэд олон улсын оролцоо эрс нэмэгдэж, 2025 онд 28 улсын 600 гаруй гадаад жуулчин оролцсон бол энэ жилийн фестиваль аялал жуулчлал, залуусын соёл, чөлөөт амьдралын хэв маягийг сурталчилсан илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж буйг зохион байгуулагчид онцолж байна.