УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын Их Хурал Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох гишүүд болон салбарын төлөөллүүд санал, байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн үеэр агаарын хөлгийн засвар үйлчилгээ, сургалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломж, улсын нисэхийн нууцлал, зохицуулалтыг тусгай дүрмээр шийдвэрлэх зэрэг асуудлыг онцоллоо. Мөн хууль батлагдсанаар иргэний нисэхтэй давхцдаг зохицуулалтыг цэгцэлж, аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатайг гишүүд дурдав.

Түүнчлэн улсын нисэхийн агаарын хөлгийн тоо, ангилал, нисгэгчгүй төхөөрөмжийн зохицуулалт, даатгалын асуудлыг хуульд тусгасан талаар мэдээлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 орчим байлдааны болон тээврийн зориулалттай агаарын хөлөг бүртгэлтэй байгааг танилцуулсан юм.

Генерал С.Ганбямба "Улсын агаарын хөлгийн тоо нууцын зэрэглэлтэй байдаг. Өнөөдөр зэвсэгт хүчний агаарын хөлөг, ХХЕГ, ОБЕГ-т нийт 20 нэгж байлдааны зориулалттай болон тээврийн зориулалттай агаарын хөлөг байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Улс өөрийнхөө агаарын хөлгийн завсар үйлчилгээ болон сургалтыг бүрэн өөрсдөө хариуцаж хийхээр заалт байсныг өөрчилсөн байна. Зардал ихтэй, хөрөнгө оруулалтын өгөөж багатай бодит байдал дээр зарим засвар үйлчилгээ, сургалтыг олон улсын жишигт ч гэсэн хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлдэг.

Энэ агуулгаараа энэ өөрчлөлт дэмжигдэж орсон. Нөгөө талаас нууцлалтай холбоотой асуудал байдаг учраас тодорхой хэсэг гэдэг нарийн зохицуулалтуудаа Улсын нисэхийн багц дүрмээрээ зохицуулахаар оруулсан. 

Улсын нисэхийн хуулиас өмнө тодорхойгүй байсан хувийн хэвшилтэйгээ Иргэний нисэх нь өрсөлдөх юм шиг зохицуулалт байсныг өөрчилсөн заалтууд орсон учраас тус хуулийн төслийг дэмжиж байна" гэв.

Салбарын сайд болон холбогдох албаныхан сүүлийн жилүүдэд гарсан нисдэг тэрэгний ослуудын шалтгаан, аюулгүй ажиллагааны асуудлыг дурдаж, шинэ хууль нь улсын нисэхийн бүх харилцааг цогцоор нь зохицуулах чухал ач холбогдолтойг онцоллоо.

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.