Улаанбаатар хотод эхэлсэн “Улаанбаатар опен-2026” тэмцээний эхний өдрийн медальтнууд тодорлоо. Тодруулбал, сонгомол бөхийн долоон жингийн барилдаан болсноос монгол тамирчид хоёр жинд медаль хүртэж, шагналын тавцанд зогсов.

Тэмцээний 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер М.Даваанбанди мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр финалд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ираны тамирчин Паям Фарзад Ахмадид оноогоор цэвэр ялагдав.

М.Даваабанди “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр дахь жилээ дараалан ийнхүү медаль хүртжээ. Тэр өнгөрсөн жил хүрэл медальтан болсон бол энэ удаа амжилтаа ахиулан медалийн өнгөө хувиргав.

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг Венесуэлийн бөх Хуан Диаз Бланког даралтаар цэвэр ялснаар “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртэв. Түүний жинд Энэтхэгийн тамирчин Нитеш түрүүлсэн байна.

Өнөөдөр сонгомол бөхийн барилдааны 60, 63, 130 кг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 59, 72 кг-ын жингийн барилдаан болон “Улаанбаатар опен-2026” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа болно.