УИХ-ын чуулганы пүрэв гаргийн үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  

УИХ-ын гишүүн Б.УЯНГА: -Хуулийн төсөлтэй танилцаад, хариуцлага гэдэг үгэнд л хариулт авмаар байгаа юм. 2002 онд яг энэ хууль батлагдах үед мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэг хоёр гараад, өнөөдөр бараг 150 дахин өссөн байна. Та бүхний хариулт магадгүй "Тийм учраас энэ хуулийн төслийг оруулж ирж байна" гэх байх.

Мэргэжлийн хяналтын байгууллагыг эргэж байгуулмаар байна. Тэгэхгүй бол байдал муудаад байна гэж хариулж магадгүй. Энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллага байгаад, байхгүй болсоны дараа танай энэ хуулийн төсөл дээр тоонууд чинь дандаа өссөн байна. Тэгэхээр энэ мэргэжлийн хяналтын байгууллагатай хамаатай зүйл бас биш байх.

Хаана алдаа гараад, хаана хариуцлага алдсан учраас гэмт хэргийн асуудал нь тогтмол өсөөд байна вэ? Энэ хуулийн төсөл дээр үүнийг юу нь засах юм бэ? Хариуцлага алдсан л байгаа шүү дээ. Хариуцлагыг яах вэ? Энэ хууль шинэчлэгдэн найруулагдсанаараа хариуцлагыг яаж дээшлүүлэх вэ?    

"Урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм бэлдмэл" гэсэн нэр томъёо байна. Сүүлийн найман жилийн хугацаанд 17 нэр төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт, урвуулан хэрэглэх эрсдэлтэй энэ бодисыг хүн тунгаар илэрхийлвэл 419293 хүн тунтай тэнцэх байна. Энэ олон улсад хаана явж байна гэсэн үг вэ? Абсолют тоогоор өгчих юм. Их юм уу, бага юм уу? Энд хэрхэн яаж санаа зовж, засаж сайжруулах ёстой вэ? Хариуцлагын талаар хууль дээр яаж тусгасныг асууя.

2002 оноос тасралтгүй өсөөд байгаа гэмт хэрэгт холбогдсон иргэдээ боловсролын түвшнээр нь судалжээ. Дээд боловсролтой иргэд нь 22 хувьтай байна гэж. Зан үйлийн хувьд урьдчилан сэргийлэх байдлаар боловсролын байгууллагатай хамтарч ажиллах ёстой байх. Энэ агуулгыг хуулийн төсөлд хаана суулгасан бэ? 

Хууль зүй, дотоодын хэргийн дэд сайд Д.МӨНХ-ЭРДЭНЭ: -Хар тамхи үнэхээр тахал болсон. Үндэстэн дамнасан, маш их мөнгө эргэлддэг гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн гаралт хууль батлагдаж байх үетэй харьцуулахад үнэхээр өссөн. Анх хоёр гэмт хэрэг гарч байсан гэсэн стаститик мэдээлэл бий. Өнөөдөр  жилд 233 болж өссөн гэсэн сэтгэл эмзэглүүлсэн тоон мэдээлэл байна.

Энэ гэмт хэрэгтэй тэмцэх зөвхөн Хар тамхитай тэмцэх алба ажиллуулах, цагдаа хуулийн байгууллага ажиллахаас гадна урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эцэг эхчүүдийн хараа хяналт, энэ талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэг олон цогц ажлаас хамаарч байгаа юм.

Бид энэ дээр алдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлууд дутуу хийгдэж байсан учраас санаа зовоох түвшинд хүрсэн. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч хууль сахиулах байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газарт удаа дараа чиглэл өгсний үр дүнд нэгдүгээрт, цаг үеийн шаардлагад нийцүүлж, эрх зүйн орчноо шинэчилье гэж байгаа юм. 

Хоёрдугаарт, хууль сахиулах байгууллагуудаа бэхжүүлье. Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр, дараа нь нэгэнт донтсон хүмүүсийг сэргээн засах, нийгэмшүүлэх чиглэлд олон улсын стандартуудыг нутагшуулах хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах, энэ чиглэлээр үйл ажиллагаа нь жигдрээд, сайжраад явж байгаа төрийн бус байгууллагуудаа дэмжиж, цогц талаас нь харахыг аль болох хичээсэн.