Украин улс Германаас IRIS-T агаарын довтолгооноос хамгаалах зенитийн пуужингийн цогцолбор хүлээн авсан талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн Telegram хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Харин Германы эрх баригчид уг мэдээллийг одоогийн байдлаар албан ёсоор баталгаажуулаагүй байгаа аж.
Зеленский Германы Засгийн газарт талархал илэрхийлж, Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй байнгын хувь нэмрийн ачаар “Мянга мянган хүний амийг аварсан” хэмээн онцолсон байна. Гэвч тэрбээр зөвхөн техник хэрэгсэл бус, агаарын довтолгооноос хамгаалах системд шаардлагатай пуужингийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Украины төрийн тэргүүн “Оросын довтолгоог үр дүнтэй няцаахын тулд бидэнд агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингууд хангалттай хэмжээгээр хэрэгтэй байна” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Зеленский саяхан Sweden улстай байгуулсан тохиролцооны хүрээнд Украины Агаарын цэрэг Saab JAS 39 Gripen сөнөөгч онгоцоор хангагдахаар болсныг дурджээ. Мөн Америкийн зэвсэг худалдан авахад чиглэсэн PURL хөтөлбөрийн хүрээнд энэ онд шинэ санхүүжилтүүд орж ирж байгаа талаар онцолсон байна.
Зеленский “Бид АНУ болон Европын түншүүдийн дэмжлэгт найдаж байна. Ялангуяа баллистик пуужингийн эсрэг хамгаалалт нь Украины хувьд хамгийн чухал тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэвээр байна” хэмээн мэдэгдэв.
“Нэг долоо хоногт Орос 4000 орчим дрон, бөмбөг, пуужин харвалаа”
Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт Оросын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт өргөн хүрээний агаарын цохилт үргэлжлүүлж буй талаар мэдээлжээ. Тодруулбал,
Зеленский “Сүүлийн долоо хоногийн хугацаанд Оросын тал манай улсын эсрэг 2300 гаруй цохилтын дрон, 1560 орчим удирдлагатай агаарын бөмбөг, төрөл бүрийн 108 пуужин ашигласан. Эдгээр цохилтуудын ихэнх нь орон сууц, эрчим хүчний байгууламж зэрэг энгийн иргэний дэд бүтцэд туссан” хэмээн мэдэгдсэн байна.
Оросын агаарын цохилтын улмаас өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн хүн амь үрэгдсэн бөгөөд тавдугаар сарын 24-нд шилжих шөнө Киев хот болон Киев мужид болсон томоохон довтолгооны үеэр ОХУ “Орешник” нэртэй пуужинг дайн эхэлснээс хойш гурав дахь удаагаа ашигласан талаар Украины тал мэдээлжээ.
Эх сурвалж: DW