МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2026.06.04) хуралдаж, хотын даргаар томилогдсон Б.Пүрэвдагвын оронд Л.Дашдэмбэрэлийг намын Нарийн бичгийн даргын албан тушаалд түр томилжээ.

Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэл Тэргүүн шадар сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга Н.Учралын ойрын хүрээний хүн гэж улс төрийн хүрээнд үнэлэгддэг, багын найз нь аж. 

Тэрбээр дипломатчид, сэхээтнүүдийн дунд “ИМО” хэмээн нэрлэгддэг ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг төгсөж, тус сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан байна.

Л.Дашдэмбэрэл 2011 онд МАН-д элсэж, намын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Ажлын гараагаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Эдийн засгийн хөгжлийн яам, Боловсролын яаманд мэргэжилтнээр эхлүүлсэн байна. 

Улмаар Нийслэлийн Боловсролын газрын дэд дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга зэрэг төрийн удирдах албан тушаалууд хашиж байсан туршлагатай.

Мөн Н.Учралыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн шадар сайдаар ажиллаж байх хугацаанд ахлах зөвлөхөөр нь ажиллаж байгаад УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Ерөнхий сайдын Ажлын албаны даргын албыг хашсан билээ.