Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) “Эль-Ниньо” үзэгдэл намрын сүүл хүртэл үргэлжлэх өндөр магадлалтай байгааг анхааруулж, үүнтэй холбоотойгоор дэлхий даяар ган гачиг, аадар бороо, хэт халалт зэрэг цаг уурын эрс тэс үзэгдлүүд нэмэгдэх эрсдэлтэйг мэдэгдэв.
ДЦУБ-ын шинэ тайланд дурдсанаар, “Эль-Ниньо” үзэгдэл ирэх саруудад дэлхийн агаарын температур болон хур тунадасны хэв маягт хүчтэй нөлөөлж, цаг агаарын тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж.
Тус байгууллагын тооцооллоор, 6-8 дугаар сарын хооронд “Эль-Ниньо” үүсэх магадлал 80 хувьтай байгаа бол арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх магадлал 90 хувиас давжээ.
ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Саулогийн хэлснээр, хүчтэй “Эль-Ниньо”-д дэлхий нийт бэлтгэлтэй байх шаардлагатай бөгөөд энэ нь ган гачиг, аадар борооны давтамжийг эрс нэмэгдүүлж, хуурай газар болон далайд хэт халалт үүсгэх эрсдэлтэй аж.
Тэрбээр мөн 2023-2024 оны өмнөх “Эль-Ниньо” үзэгдэл түүхэн дэх хамгийн хүчтэй таван үзэгдлийн нэг байсан, 2024 онд дэлхийн дундаж температур дээд хэмжээнд хүрэхэд нөлөөлсөнийг онцолсон байна.
Эль-Ниньо болон түүний эсрэг үзэгдэл болох Ла-Нинья Номхон далайн усны температурын хэлбэлзлээс шалтгаалдаг дэлхийн уур амьсгалын хоёр том хүчин зүйл бөгөөд хэдэн жил тутамд ээлжлэн тохиолддог.
Эдгээр үзэгдлийн улмаас далайн урсгал, салхины эргэлт өөрчлөгдөж, зарим бүс нутагт ган гачиг нүүрлэж байхад нөгөө хэсэгт нь хүчтэй аадар бороо, үерийн эрсдэл нэмэгддэг байна.
Эх сурвалж: TASS