Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг, дуучин Бэнсон Бун, рэппер Карди Б, кантри хөгжмийн од Лэйни Вилсон, электрон хөгжмийн төсөл Мэйжор Лэйзер, рок хамтлаг Muse, хип-хопын домог Снуп Догг, поп дуучин Зара Ларссон нар энэ намар АНУ-ын Лас Вегас хотод болох 2026 оны iHeartRadio Music Festival-ийн гол оролцогчдын тоонд багтжээ.

Есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд "T-Mobile Arena"-д зохион байгуулагдах уг наадам шууд дамжуулагдах бөгөөд хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог.

Энэ жилийн бүрэлдэхүүнд мөн Визер, Гу-Гу Доллс, Кенни Чесни зэрэг уран бүтээлчид багтжээ. Зохион байгуулагчид цаашид нэмэгдэх оролцогчдыг зарлахаа мэдэгдсэн байна.

Наадмыг телевиз, радиогийн нэрт хөтлөгч Райан Сикрест уламжлал ёсоор хөтлөх аж. Үзэгчид тоглолтыг iHeartMedia-ийн радио сүлжээгээр сонсохоос гадна Disney+ болон Hulu платформоор шууд үзэх боломжтой аж.

Тасалбарын ерөнхий худалдаа 2026 оны зургадугаар сарын 12-ны өдөр AXS.com сайтаар эхлэх бол Capital One карт эзэмшигчид зургадугаар сарын 10-наас урьдчилсан захиалга хийх эрх нь нээгдэх нь.

iHeartMedia компанийн хөтөлбөр хариуцсан захирал Том Поулман болон энтертайнмент бизнесийн ерөнхийлөгч Жон Сайкс нар хамтарсан мэдэгдэл хийжээ.

Тэд “iHeartRadio Music Festival бол хөгжмийн бүх урсгалын хамгийн том уран бүтээлчдийг нэг тайзан дээр цуглуулж, мартагдашгүй хоёр үдшийг бэлэглэх зорилготой арга хэмжээ юм. Энэ жилийн бүрэлдэхүүн өнөөгийн хөгжмийн ертөнцийн гайхалтай олон талт байдлыг төгс илэрхийлж байна” хэмээн онцолжээ.

BTS-ийн эргэн ирэлт

BTS хамтлаг энэ оны эхээр, бараг дөрвөн жилийн дараа уран бүтээлийн завсарлагаа өндөрлүүлж, сүр хүчтэйгээр эргэн ирсэн. Тэдний тав дахь студийн цомог болох “ARIRANG” нь 14 дуунаас бүрдсэн бөгөөд хамтлагийн долоон гишүүн бүгд БНСУ-ын цэргийн албаа хаасны дараа гаргасан анхны бүрэн хэмжээний шинэ уран бүтээл болжээ.

Хэдийгээр хамтлаг түр хугацаанд завсарласан ч гишүүд цэргийн албаа ээлж дараалан хаасан тул энэ хугацаанд бие даасан уран бүтээлдээ төвлөрөх боломжтой байсан аж.

Цэргийн албаа бүрэн хааж дууссаны дараа BTS тайзнаа эргэн гарч, дэлхий даяарх шүтэн бишрэгчидтэйгээ дахин уулзаж эхэлсэн. Энэ удаагийн iHeartRadio Music Festival тэдний амжилттай эргэн ирэлтийг бататгах бас нэгэн томоохон тайз болох төлөвтэй байна.

Эх сурвалж: AP