НЭМЭЛТ: 13.30 ЦАГ
Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” бодлого, "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг ажлын хэсэг 8 сар боловсруулсан. Маргааш нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм. Хуулиар:
Хувийн өмчийн халдашгүй байдлыг хуульчлан хамгаална. Өмчлөх эрх баталгаагүй бол өсөлт хөгжлийн тухай яриа өөрөө утга учиргүй юм.
Хөрөнгө оруулалтыг хуулиар хамгаална. Энэ бол Монгол хүний хийх ажил, авах цалин, ашиг орлого, төлөх татвар, шинэ технологи, шинэ соёлыг хамгаална гэсэн үг юм.
Зөвшөөрөл нэртэй ч хориглолт болсон 105 гаруй хуулийн гох дэгээг тайлж чөлөөлнө.
70 зөвшөөрлөөс бүрэн чөлөөлнө.
32 тусгай зөвшөөрлийг энгийн болгоно.
Зөвшөөрөл авахад тавьдаг 20-30 шаардлагыг дээд тал нь 8 болгож чөлөөлнө.
Нэг үйл ажиллагаа эрхлэхэд олон биш нэг л зөвшөөрөлтэй болно.
Мэргэжлийн нэгдсэн холбоод 120 гаруй энгийн зөвшөөрөл олгож, төрийн ачааг хөнгөлнө.
Тусгай зөвшөөрөл 5 жил биш 10 жил, энгийн зөвшөөрөл 3 жил биш 5 жил болгоно.
Энэ бол цахим бизнес, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх татвар төлбөр, хүнд суртлын ачаа дарамтаас чөлөөлөх хууль юм.
Ерөнхий сайдын хувьд анхны албан даалгавраар татвар, НДШ-ийн өртэй компаниудын дансыг сарын хугацаатай нээж байсан.
146 төрлийн бизнесийг зөвшөөрөл хөөцөлдөхгүйгээр мэдэгдээд шууд эхэлдэг болсон.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөтэйгээс бусад төлөвлөгөөт шалгалтыг цуцалсан шиг “Чөлөөлье” бодлого илүү эрчтэй үргэлжилж байна" гэв.
ЗГ: Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Гүйцэтгэх засаглал өнөөдрийн хуралдаанаараа:
-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
-Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн орнуудын хооронд байгуулах Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр,
-“Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн санаачлан боловсруулсан Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
-Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл,
-Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
-“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Мөн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцуулга хийх юм.
Хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд, тус хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үүнтэй холбооотойгоор Ерөнхий сайд Н.Учрал "Төр бизнесийн үйл ажиллагааг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй. Хөрөнгө оруулагч нарыг урин дуудахад чухал хууль болно" гэв.