“Монголын Чопперчин Ахан Дүүс” НҮТББ-аас 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Талын салхи” (Steppe Wind) мото фестиваль Монгол наадмын дараа эрэмбэлэгддэг олон улсын хэмжээний томоохон эвент юм.
Энэхүү наадмын гол зорилго Улаанбаатар хотын орчин үеийн өнгө төрх, соёлын онцлогийг шинэ түвшинд харуулахын зэрэгцээ залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёлыг хөгжүүлэх, эх орноо хөрш болон гуравдагч орнуудад сурталчлах, мөн тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжихэд оршдог.
Фестивалийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа Улаанбаатар хотын төв талбайгаас мото парадаар эхэлж, олон зуун мотоциклчид цуваа болон хотын төв замаар явж өнгөрсний дараа Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Говь ресорт” спорт цогцолборт хүрч, үндсэн арга хэмжээнүүд үргэлжилдэг. Энд хоёр өдрийн турш тайзны тоглолт, мото ур чадварын тэмцээн, спорт болон соёлын олон талт арга хэмжээнүүд тасралтгүй зохион байгуулагддаг онцлогтой.
“Монголын Чопперчин Ахан Дүүс” НҮТББ-аас мэдээлснээр, 2026 оны “Талын салхи” фестиваль зургадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд эхний өдрийн өглөө 09:00 цагаас Сүхбаатарын талбайд бүх оролцогч мотоциклчид цуглан, парад жагсаалын бэлтгэл эхэлнэ.
10:00 цагт морин хуурын эгшиг дор нийслэлийн аялал жуулчлалын мэндчилгээ болон монгол бүжгийн үзүүлбэрүүд толилуулагдаж, 10:20 цагт албан ёсны нээлт болон шагнал гардуулах ёслол болж, улмаар 11:00 цагт мото парад хөдөлснөөр фестивалийн албан ёсны уур амьсгал эхлэх нь ээ.
Үүний дараа "Говь ресорт" дээр үргэлжлэх үндсэн хөтөлбөр 13:00 цагаас Moto Skill Challenge ур чадварын тэмцээнээр эхэлж, “Хөсөгтөн” хамтлагийн этник тоглолт болон гитарчин Даавкагийн удирдлага дор төрийн дуулал эгшиглэснээр нээлтийн ёслол үргэлжилж, ахмад болон залуу мото сонирхогчдод хүндэтгэл үзүүлэн, өргөмжлөл гардуулснаар албан ёсны хэсэг эхлэх юм байна.
Өдрийн турш рок болон амьд хөгжмийн тоглолтууд ээлж дараалан үргэлжилж, OO GO, The Rebel, Meteora, Avecnium зэрэг хамтлагууд тайзнаа тоглохын зэрэгцээ олс таталт, гар барилдаан зэрэг багийн болон бооцоот тэмцээнүүд зохион байгуулагдаж, Miss Models Awards болон “Талын салхи” батламж гардуулах ёслолууд өрнөн, оролцогчдын дунд сугалаа, азтан шалгаруулах хандивын арга хэмжээ хүртэл явагдах аж.
Оройн хөтөлбөр DJ Lynhua-ийн сетээр эхэлж, Black Rose-ийн Amaraa, BEKHI, Sax RD, Davaadalai, Leila, Solla, Batuh, Desire, Tsetse, Desant, Babar, Jason зэрэг уран бүтээлчид тайзнаа дараалан тоглон, улмаар гэрэл лазер шоу болон хип хоп, рок тоглолтууд үргэлжилсээр Nisvanis болон DJ Kabuki-ийн хаалтын сетээр эхний өдрийн шоу өндөрлөх нь.
Хоёр дахь өдөр буюу зургадугаар сарын 7-нд “Steppe Wind Day 2” нэрийн дор тэмцээн үргэлжилж, Moto Ride Skill, Slow Ride, Iron Fist зэрэг уралдаан, сорилт болон хөгжилтэй тэмцээнүүд, нээлттэй мик, шилдэг кастом мото шалгаруулалт, шагнал гардуулах ёслолууд зохион байгуулагдах аж.
Miss Model Awards-ийн фото сесс болон чөлөөт уулзалтууд явагдсаны дараа арга хэмжээ хаалтаа хийж, дараагийн жилийн фестивалийн бүртгэл, уриалга бүхий төгсгөлийн хэсгээр өндөрлөх юм байна.
Дашрамд дурдахад, 2025 оны хувьд тус фестивальд 28 улсын 600 гаруй гадаад жуулчин оролцож, нийт оролцогчдын тоо 11,000 давжээ. 2026 онд энэхүү арга хэмжээ илүү өргөн цар хүрээтэй, олон улсын оролцоог нэмэгдүүлсэн байдлаар зохион байгуулагдаж, аялал жуулчлал, залуусын соёлын нэгдэл болон чөлөөт амьдралын хэв маягийг сурталчилсан томоохон хэмжээний фестиваль болох нь дамжиггүй.