ОХУ-ын Хабаровск хотод болсон “Амурын давлагаа” олон улсын цэргийн найрал хөгжмийн XIV наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга оролцож, уран бүтээлээ толилуулсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлснийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.  

Хэвлэлд "Наадмын хүрээнд тус хамт олон Хабаровскийн филармонид бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийж, дараа нь үндсэн хөтөлбөрт багтан оролцов. Фестивалийн арга хэмжээнд найрал хөгжмийн бие даасан үзүүлбэрүүд, ёслолын жагсаалын тоглолт (дефиле), хотын төв гудамжаар хийсэн марш-парад болон Комсомольскийн талбай дахь гала тоглолт зэрэг өргөн хүрээтэй хөтөлбөр багтжээ.

Тоглолтын өмнө Хабаровскийн филармонид болсон хэвлэлийн бага хуралд ОХУ-ын Зэвсэгт хүчний Цэргийн найрал хөгжмийн албаны дарга, Оросын гавьяат жүжигчин, хошууч генерал Тимофей Маякин, Хабаровск хотын дарга Сергей Кравчук, Хабаровскийн хязгаарын Соёлын яамны орлогч сайд Ирина Купченко, мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа Г.Золзаяа нар оролцсон байна.

Наадам сүр жавхлант марш-парад болон Комсомольскийн талбай дахь гала тоглолтоор өндөрлөж, хотыг үлээвэр хөгжмийн урлагийн төв болгон хувиргасан байна.

Монголын чуулгын тоглолт үзэгчдээс өндөр үнэлгээ авч, наадмын онцлох оролцогчдын нэгээр нэрлэгдлээ. Тэдний уран чадвар, хөгжмийн уялдаа, тайзны соёл нь олны талархлыг хүлээж, удирдаачийн ажиллагааг хүртэл “10-аас 10” хэмээн үнэлсэн сэтгэгдэлүүд ч хөврөв" гэжээ.

Эх сурвалж: AIST GLOBAL