АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ болон Иран улс ирэх долоо хоногт харилцан ойлголцлын санамж бичгийн эцсийн хувилбарыг тохиролцож магадгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр ABC News телевизэд утсаар ярилцлага өгөх үеэрээ уг баримт бичиг хэзээ батлагдах талаар асуухад “Миний бодлоор ирэх долоо хоногт” хэмээн хариулсан байна.
Гэвч Трамп өмнө нь боловсруулсан санамж бичгийн хувилбарыг батлаагүй, түүнд нэмэлтээр “хэд хэдэн заалт” оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа дурджээ. Мөн тэрбээр АНУ, Ираны хоорондын зөвлөлдөх уулзалтууд үргэлжилж буй бөгөөд хэлэлцээ ахицтай өрнөж байгаа талаар онцолсон аж.
Трамп өөрийн Truth Social хуудастаа “Исламын Бүгд Найрамдах Иран Улстай хийж буй хэлэлцээ үргэлжилж, маш хурдтай урагшилж байна” гэж бичжээ.
Үүний зэрэгцээ Ираны Tasnim агентлагийн мэдээлснээр, Израилын Ливанд явуулж буй цэргийн ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор Тегеран эсэргүүцлийн тэмдэг болгон Вашингтонтой хийж байсан албан бус харилцаа, мэдээлэл солилцоог түр зогсоосон байна.
АНУ болон Иран улс өмнө нь гал зогсоох дэглэмийг сунгах, мөн стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийг хэвийн үргэлжлүүлэх асуудлыг тусгасан хэлэлцээрийн төслийн талаар харилцан санал солилцож байсан юм.
Хэрэв уг санамж бичгээр талууд тохиролцоонд хүрвэл энэ нь Вашингтон, Тегераны харилцааг тогтворжуулах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд чухал ахиц дэвшил болох төлөвтэй байна.
Эх сурвалж: TASS