Монгол Улсад иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж тэгш бус, нас, хүйс, орлогын түвшин, оршин суугаа газар, нийгмийн байдлаас шалтгаалан үйлчилгээний хүртээмж харилцан адилгүй хэвээр байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж гэдэг хүн бүр шаардлагатай үедээ чанартай эмнэлгийн үйлчилгээг саадгүй, цаг алдалгүй авах боломжийг хэлдэг боловч бодит байдал дээр энэ эрх бүрэн хангагдахгүй байгааг судалгаанууд харуулж буй юм.
Үүнээс гадна эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалын тогтолцооны хүрээ, хязгаар тодорхой бус байгаа нь зөвхөн иргэд төдийгүй эмч, эмнэлгийн ажилтнуудад ч хүндрэл учруулж байгаа ажээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд иргэн ямар тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт шууд хандаж болохыг тодорхой заасан байдаг.
Тухайлбал, осол гэмтэл, амь насанд аюултай яаралтай нөхцөл байдал, төрөх үеийн эх барихын яаралтай тусламж, мөн шүд, эрүү, нүүр амны өвчний үед иргэн шууд дээд шатны эмнэлэгт хандах эрхтэй. Харин бусад тохиолдолд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэг, заавар, чиглэлээр дараагийн шатны эмнэлэгт шилжих зохицуулалттай байдаг.
Гэвч 2023 оны аравдугаар сараас эхлэн иргэнийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эмнэлэгт шилжүүлэхэд ашигладаг байсан “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас” буюу АМ-13А маягтыг хэрэглэхээ больсон. Тухайн үед Эрүүл мэндийн яамнаас бүх иргэнд тэгш үйлчилгээ үзүүлэх зарчим баримтлан энэхүү маягтыг хүчингүй болгож, үүний үр дүнд иргэд дээд шатны эмнэлэгт илүү чөлөөтэй хандах боломжтой болсон гэж үзсэн.
Гэвч бодит нөхцөл байдал дээр энэхүү шийдвэр эсрэг үр дагавар авчирсан талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. А13 маягтыг хүчингүй болгосноор иргэдийг лавлагаа шатлалын эмнэлэгт хэрхэн шилжүүлэх, аюулгүй хүргэх, хариуцлагыг хэрхэн зохицуулах талаар тодорхой журамгүй болсон гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа юм. Тухайлбал,
Архангай аймгийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн удирдлагын мэдээлснээр, өнөөдөр анхан шатны байгууллага шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зөвхөн утсаар цаг товлох, эсвэл иргэн өөрөө дээд шатны эмнэлэгт очиж цаг авах хэлбэрээр шилжүүлэлт хийж буй бөгөөд өмнөх шиг нэгдсэн зохицуулалт байхгүй болжээ.
Мөн судалгаагаар иргэдийн дунд анхан шатны эмнэлгээс авч болох тусламж үйлчилгээг шууд лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгээс авах хандлага түгээмэл болсон нь тогтоогдсон байна. Үүний улмаас дээд шатны эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, хүлээгдэл уртсаж, эмнэлгийн нөөц боломж үр ашиггүй зарцуулагдах болсон байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2025 оны судалгаанд дурдсанаар, А13 маягтыг шаардахгүй болсон шийдвэр нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, шатлалын тогтолцоог алдагдуулах нөхцөл бүрдүүлжээ.
Үүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны мэдээлэл ч баталж байна. Тодруулбал, лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлсэн нийт 11.8 сая тохиолдлын 76 хувь нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжилгүйгээр шууд дээд шатны эмнэлэгт ханджээ.
Ийнхүү иргэдэд илүү хялбар үйлчилгээ үзүүлэх зорилготой гаргасан А13 маягтыг халсан шийдвэр нь бодит байдал дээр эрүүл мэндийн шатлалын тогтолцоог сулруулж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн цаг хугацаа, санхүүгийн зардлыг өсгөсөн уршигтай шийдвэр болсон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Цаашид иргэдийг шатлалын дагуу зөв зохистой шилжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний үүрэг, оролцоог бэхжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг судалгааны үр дүн харуулж байна.